Кабулын нисэх онгоцны буудлын халдлагад холбогдсон этгээдэд 20 жилийн ял оноолоо
АНУ-ын Холбооны шүүхээс 2021 онд Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудалд гарсан амиа золиослогчийн халдлагад дэмжлэг үзүүлсэн “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн гишүүн Мохаммад Шарифуллад хуульд заасан дээд хэмжээ буюу 20 жилийн хорих ял оноов.
Виржиниа мужийн Александриа хот дахь тус шүүхийн шүүгч Энтони Тренга 2026 оны есдүгээр сарын 16-нд дээрх шийдвэрийг гаргасан байна. “Жафар” нэрээр танигдсан Афганистан улсын иргэн Шарифулла нь 2021 оны наймдугаар сарын 26-нд Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудлын “Эбби гейт” хаалган дээр болсон цуст халдлагын өмнө зам маршрутыг тандаж, шалган нэвтрүүлэх цэгүүдийн байршлыг ажиглан террорист Абдул Рахман аль-Логарид мэдээлэл дамжуулсан болох нь тогтоогджээ. Түүнчлэн тэрбээр уг террорист бүлэглэлийн үйл ажиллагааг бараг арван жилийн турш дэмжин, хуйвалдаанд оролцсон байна.

Холбооны прокурорууд түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөж байсан ч тангарагтны шүүх нисэх буудалд гарсан хүний амь эрсэдсэн явдал түүний хуйвалдаанаас шууд шалтгаалсан эсэх асуудалд 2026 оны дөрөвдүгээр сарын шүүх хурлын үеэр санал нэгдэж чадаагүй юм.
Тангарагтны шүүгчид ял хүндрүүлэх үндэслэл дээр нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй тул Шарифуллад бүх насаар хорих ял оноох боломжгүй болж, хуулийн дагуу гадаадын террорист байгууллагад дэмжлэг үзүүлсэн хэрэгт ногдуулах дээд хугацаа буюу 20 жилийн ялаар шийтгэжээ.
Кабулын нисэх буудлын халдлагын үеэр АНУ-ын зэвсэгт хүчний 13 алба хаагч болон Афганистаны 160-170 орчим энгийн иргэн амь үрэгдэж байв. Шарифулла нь уг халдлагатай холбогдуулан АНУ-ын газар нутагт хүргэгдэн эрүүгийн хариуцлага хүлээсэн цорын ганц этгээд болсон юм. Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Холбооны мөрдөх товчоо болон Тагнуулын төв газартай хамтран түүнийг 2025 оны эхээр Афганистаны хилийн ойролцоогоос баривчилж, АНУ-ын талд шилжүүлэн өгсөн түүхтэй.
Шүүх хуралдааны үеэр шүүгч Тренга түүнийг хохирогчид болон тэдний ар гэрт учирсан асар их уй гашууг огт үл тоомсорлосон, үзэл бодолдоо улайрсан террорист хэмээн тодорхойлсон бөгөөд Шарифулла шүүхэд тайлбар хэлэхээс татгалзсан байна. Амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэн сэтгэл сэртхийлгэм мэдэгдэл хийх үеэр далайн явган цэрэг Жаред Шмицийн эцэг Марк Шмиц яллагдагч руу шууд хандан “Би чамайг уучилж байна. Чи энэ шүүхийн шийдвэрээр ялаа эдлэх болно, харин би үзэн ядалт дунд амьдрахгүй” хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.