П.Алтанцэцэг: Фентанил тариа тасраагүй
Хагалгааны үед унтуулгын үеэр хэрэглэдэг зарим тариа (фентанил) тасарч Монгол Улсад хагалгаа хийгдэх боломжгүй боллоо гэх утгатай мэдээлэл өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг мэдээлэл өглөө.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг:
-Фентанил нь мэс заслын үед унтуулгад хэрэглэгддэг сэтгэцэд нөлөөт мансууруулах бүлгийн эм бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад тасраагүй байна. Яаралтай мэс засал болон нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хэрэглэх бэлэн байдлыг хангасан нөөц бий.
Энэ тариаг 2023 оны долоодугаар сараас эхлэн дотоодын нэгэн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан, эмнэлгүүд уг гэрээний хүрээнд худалдан авч ирсэн. Өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдрөөс хомстол үүсэж эхэлсэн байна.
Бид нөөцөө долоо хоног тутам тогтмол хянадаг тул хомстол үүсмэгц зохицуулалтын арга хэмжээг авч эхэлсэн. Дотоодын үйлдвэрлэгчтэй уулзаж, албан бичгээр санал солилцоход түүхий эдийн татан авалт болон ложистикийн хүндрэл гарснаа мэдэгдсэн. Есдүгээр сарын 22-ны өдрөөс энэ асуудал тэнцвэржинэ гэсэн хариу ирүүлсэн.
Үйлдвэрлэлийн явц жигдрэх хүртэлх хугацаанд шаардлагатай зохицуулалтыг хийж, тариаг импортоор нөхөн оруулах, түүнчлэн хэрэгцээ багатай эмнэлгүүдээс татан төвлөрүүлж, нэн шаардлагатай газруудад хуваарилан ажиллаж байгаа.
Цаашид Монгол Улсад зайлшгүй бэлэн байх шаардлагатай нэн чухал эмүүдийг нэг эх үүсвэрийн буюу нэгдсэн худалдан авалтын горимд шилжүүлэхээр судалж, олон улсын байгууллагууд болон гадаадын үйлдвэрлэгчдээс үнийн санал авч ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.