Л.Энх-Амгалан:
Боловсролын сайд: Төсвөөс сохор зоос ч аваагүй сургуулиар улс төр хийхийн оронд төрөөс санхүүжилт авсан намын дарга нартаа хариуцлага тооцох хэрэгтэй
Боловсролын сайд цаг үеийн болон салбарын төсөв, санхүүжилттэй холбоотой маргаантай асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Цахим сүлжээнд яригдаж буй тухайн сургууль яамны судалгааны 'Excel' файл дээр байсан нь үнэн. Гэвч энэ нь хуучин судалгааны файл байсан бөгөөд тухайн сургууль 'Энэ жил хүүхэд авахгүй' гэдгээ мэдэгдэж, өөрөө татгалзсан. Иймээс бид тус сургуультай хамтарч ажиллахгүй нь тодорхой болсон. Ерөнхий сайдын хамаарал бүхий гэгдэх 'Их Засаг Кингс' сургууль судалгаанд орсон ч татгалзсан тул бид ямар нэг байдлаар хамтрахгүй" гэдгийг онцлов.
Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд хотхоны бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар төрөөс санхүүжилт авч байсан хувийн хэвшлийн байгууллагуудыг шалгаж үзсэн талаараа мэдээллээ. Сайд "Өнөөдөр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий 'Тэсо' группийн хоёр цэцэрлэг төрөөс байгууллагын цэцэрлэгийн гүйцэтгэлээр нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Нэг талд төрөөс сохор зоос ч аваагүй асуудлаар улс төр хийж байхад, нөгөө талд АН-ын даргын цэцэрлэгүүд санхүүжилт аваад явж байгаа нь шударга ёсонд нийцэх үү? Түүнчлэн АН-ын дарга асан Л.Гантөмөр 'Төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт олгох нь буруу' гэж ярьсан атлаа өөрийн хамаарал бүхий 'Глобал' сургууль нь төрөөс санхүүжилт авсаар ирсэн байна. АН-ын үе үеийн удирдлагуудын сургууль, цэцэрлэг төрөөс санхүүжилт авч болдог, харин бодит хэрэгцээ шаардлагыг шийдэх гэхээр буруутгадаг байж болохгүй" гэлээ.
Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гурван ээлжид шилжих эрсдэлтэй гурван сургууль байгааг сануулж, "Тэнд ашиглалт, дүүргэлт багатай хувийн байр савууд байна. Хэрэв төсвийн тодотгол батлагдаж, тендер зарлагдвал эдгээр байрыг түрээслэх боломж бий юү гэдгийг яам урьдчилан судалж болохгүй гэж үү? Өнөөдөр хотхоны 21 бага сургуульд 9800 хүүхэд суралцаж байна. Сэтгүүлчид та бүхэн очиж эцэг эх, багш нарын санал бодлыг сонсох хэрэгтэй. Хэрэв төсвийн тодотгол батлагдвал ирэх аравдугаар сарын 1 гэхэд төрөлжсөн 10 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж байна. Гэтэл батлагдаагүй төсөв, олгогдоогүй мөнгийг аль хэдийн авчихсан мэтээр гуйвуулж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Төрийн ордны гадна суулт хийж буй иргэний тухайд, "Төрийн ордны дэргэд АН-ын нэг залуу суулт хийж, мөнгө аваагүй Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж шаардаж байна. Тэгвэл тэр залуу яамны судалгааны файлаар улс төр хийж байхаар, байгууллагын цэцэрлэгийн гүйцэтгэлээр 1.3 тэрбум төгрөг авсан өөрийн намын дарга О.Цогтгэрэл, санхүүжилт авсан Л.Гантөмөр нартаа хариуцлага тооцох, итгэл үзүүлэх асуудлаа ярих ёстой" гэв.
Сайдын мэдээлснээр, тэрбээр уг асуудлаар хуулийн байгууллагад хандсан байна. "Гэрт ойрхон сургууль, гэрт ойрхон цэцэрлэг" төслийн 50 тэрбум төгрөгийн төсөвт сайдын хувиар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхээ шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагад хандсан төдийгүй гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан асуудлаар шүүхэд гомдол гаргаснаа мэдэгдлээ. Мөн зарим УИХ-ын гишүүдийг "Түгжилмаа" гэж нэрлэсэнтэй холбоотойгоор шалгуулахад бэлэн бөгөөд уучлалт гуйхгүй гэдгээ хэлэв.
Эцэст нь Засгийн газрын танхимын сайдыг огцруулах асуудлын тухайд, "Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрх. Хамт зүтгэж байсан нөхрөө танхимаас явуулах нь хэнд ч харамсалтай байдаг. Бид Ерөнхий сайдтай нэг баг болж ажиллахаар гэрээ байгуулдаг бөгөөд сайд нар үүргээ биелүүлэх ёстой. Бид хэсэг бүлгийн бус, Монголын төр, нийт ард түмний эрх ашгийн төлөө тангараг өргөсөн хүмүүс" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.