Японы Хирошима мужийн үйлдвэрт гарсан ослоор монгол залуу амиа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотод байрлах дайрга, хайрга боловсруулах үйлдвэрт есдүгээр сарын 7-ны өдрийн 11:30 цагийн орчимд үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, Монгол Улсын иргэн, 20 настай техникийн дадлагажигч Б.Д газар дээрээ нас баржээ.
Цагдаагийн байгууллагаас есдүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн талаарх албан ёсны мэдээллийг олон нийтэд зарласан байна. Хэрэг явдал Хиро-мачи дүүрэг дэх “Кайсэй констракшн” (Kaisei Construction) компанийн “Охиро” буталсан чулууны үйлдвэрийн талбайд болжээ. Осол гарсан цаг мөчид талийгаач туузан дамжуулагч конвейерийн ойролцоо хуримтлагдсан элс, чулууны үлдэгдэл хаягдлыг хүрзээр цэвэрлэж байсан аж.
Цэвэрлэгээний ажил гүйцэтгэх явцад тэрбээр хөдөлгөөнт туузан дамжуулагчийн эргэлдэх булны механизмд татагдан орж, төхөөрөмжид хавчигдсан байна. Ослын үеэр түүний дэргэд болон ойр орчимд өөр ажилтан байгаагүй бөгөөд газар дээрээ амьсгал хураасныг эмнэлгийн мэргэжилтнүүд тогтоожээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон албаны дүгнэлтээр түүнийг хүнд механизмын эд ангид дарагдсаны улмаас тархиндаа хүнд гэмтэл буюу тархины няцрал авч нас барсныг тогтоосон байна.
Орон нутгийн цагдаагийн газраас үйлдвэрийн удирдах ажилтнууд болон холбогдох бусад хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч, ослын бодит шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ажлын талбайд аюулгүй ажиллагааны стандарт, техникийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаж байсан эсэхийг голлон шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.