🔴А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Боловсролын сайдын хийсэн мэдэгдэлд хариу тайлбар өгөв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Л.Энх-Амгалан сайд хүн байж Ерөнхий сайдынхаа асуудлыг шийдэхийн оронд ийм гал өрдөж, зохиомлоор асуудал үүсгэж болохгүй. Би Н.Учрал сайдад ч хандаж хэлмээр байна, энэ хүндээ хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Хэрэв тийм төлөвлөгөө, ажлын файлууд байсан юм бол үүний учир шалтгааныг өөрсдөө тайлбарлах ёстой. Гэтэл зүгээр байсан намайг гэнэт энэ асуудалд хутган, төрийг үймүүлж байгаа мэтээр ярьж байна. Жинхэнэ төрийг үймүүлж байгаа хүн нь өөрөө шүү дээ.
Манай зөвлөхөөр ажиллаж байсан н.Батцэцэгийн тухайд тавдугаар сарын 1-нийг хүртэл ажилласан. Тэрбээр өмнө нь Сангийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөрийн яам, Боловсролын яаманд ажиллаж байсан төрийн албан хаагч. Төрийн албанд олон жил зүтгэсэн хүнтэй холбоотой ийм асуудал ярьж байгаад үнэхээр гайхаж байна. Хэнийг хэнтэй хардаж сэрдээд байгаа юм бэ? Бүгдээрээ хуулийн байгууллагад хамтдаа очоод шалгуулъя.
О.Саранчулуун гишүүн бид хоёр адилхан л УИХ-ын бүрэн эрхт гишүүд. Парламентад төрсөн ах дүү, үеэл, хамаатан садан олон бий. О.Саранчулуун миний төрсөн дүү биш, бид хоёр цусан төрлийн ямар ч холбоогүй. Харин манай үеэл дүүгийн эхнэр мөн. Тэр нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагуудаа удирдан олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн, эрдэмтэн доктор хүн. Тэр өөрийн гэсэн байр суурьтай, бие даасан гишүүн байхад яагаад А.Ариунзаяагийн үгээр явдаг мэтээр ойлгуулах гээд байгаа юм бэ?
Жагсаалтын гишүүд хэн нэгэнд барьцаалагдаагүй, өөрийн мэргэжилдээ эзэн болсон, хууль уншдаг, мэдлэг боловсролтой хүмүүс байдаг тул хуулийн цоорхой, алдаатай асуудлыг нээлттэй шүгэл үлээдэг. Ингэж нээлттэй байсных нь төлөө яагаад гэмт хэрэгтэн шиг гүтгэж байгаа юм бэ?
МАН-ын бүлэгт 30, 38 гэсэн тал гэж байхгүй, нэгдмэл 68-ын бүлэг л бий. Гишүүдийг Засгийн газрыг огцруулах гэж байна хэмээн хардаж бичих юм, бидэнд тийм зүйл байхгүй. Өнгөрсөн өдрүүдэд Булганд найз нөхдөөрөө амарч, айраг уусан нь үнэн. Би хэзээ ч худлаа ярьдаггүй, нууж хаах зүйлгүй. Тэнд Засгийн газрын асуудлыг огт хөндөөгүй. Өргөдлийн байнгын хорооны ажлын файлын асуудлыг надтай болон зохиомол 30-ын бүлэгтэй холбох ямар ч үндэслэлгүй.
Өнөөдөр үдээс хойш 16:00 цагаас чуулгантай. Өглөө 09:00 цагт товлогдсон бүлгийн хурал цуцлагдсан тул чуулгандаа бэлтгээд явж байтал гэнэт Л.Энх-Амгалан сайд хэвлэлийн хурал хийсэнд гайхлаа. Намын бүлэг хуралдаж чадахгүй байна гэдэг зүйлийг сошиалаар санаатайгаар явуулаад байгаа юм шиг харагдаж байна.
Би үргэлж Монголын төр тогтвортой байгаасай гэж хүсдэг. Өмнө нь ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж болохгүй гэж ярьж байсан. Монгол Улсын хамгийн том зовлон бол Ерөнхий сайд нь солигдохоор сайд нар, газрын дарга нар, эцэст нь бодлого нь бүхэлдээ солигддог. Төр хөгжихгүй байгаагийн шалтгаан ердөө энэ юм.
Би хууль хүчний байгууллагын хүн биш учраас надад энэ талаар ямар ч баримт, мэдээлэл алга. Ерөнхий сайд амралтын өдрөөр цахим хуудсандаа нэг өгүүлбэр бичсэн байсан. Тэр талаар Ерөнхий сайдаас өөрөөс нь асуух хэрэгтэй байх.
Би Өргөдлийн байнгын хорооны гишүүн биш, тэр файлыг одоо хүртэл хараагүй. Л.Энх-Амгалан сайд өөрөө тэр файлыг ажлын файл байсан гэж хэлсэн. Тэр файл төрийн албан хаагчдын дунд ямар сэдлээр хуваалцагдсаныг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой, хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй. Тиймээс би Цагдаа, Шүүх, АТГ болон Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хандана. Цахим ертөнцөд бүх зүйл өөрийн гэсэн мөртэй байдаг тул тухайн файл хаанаас үүссэн, хэн явуулсныг тогтоож, үнэн мөнийг нь гаргана. УИХ-ын гишүүн үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг заалт нь бусдыг гэмт хэрэгт гүтгэж, доромжлох эрхийг олгодоггүй. Гүтгэлэгт заавал хариуцлага хүлээх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.