🔴Б.Дашпүрэв: Өнөөдөр оройдоо багтаан шатахуун тасарсан сумд руу ачилт хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдал болон шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв:
-Өнгөрсөн наймдугаар сард манай улс АИ-92 төрлийн автобензин 74 мянга 780 тонныг захиалснаас 68 мянга 502 тонн бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн. Харин дизель түлшний хувьд захиалсан 158 мянга 530 тонн бүтээгдэхүүн бүрэн орж ирсэн. Бусад холбогдох эх үүсвэрүүдээс хийсэн захиалгууд ямар нэгэн саадгүй нийлүүлэгдсэн боловч сарын эхэнд ачилт тодорхой хэмжээгээр багассан, мөн улсын хэмжээнд нөөц багассантай холбоотойгоор шатахууны хангамжид доголдол үүссэн.
Доголдлыг арилгахаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох мэдээллүүдийг нэгтгэн, түргэн шуурхай ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 1100 тонн, орон нутгийн хэмжээнд 681 тонн автобензинийг тус тус нийлүүлээд байна.
Импортын эх үүсвэрүүдийн найм болон есдүгээр сарын захиалга баталгаажиж, бүтээгдэхүүнүүд тасралтгүй нийлүүлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын сарын хэрэглээ АИ-92 автобензин сард 65 мянган тонн, дизель түлш сард 150 мянган тонн болж нэмэгдсэн. Өссөн хэрэглээг бүрэн хангах хэмжээний захиалга баталгаажсан. БНХАУ, ОХУ болон бусад эх үүсвэрээс хийгдэх нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа тул богино хугацаанд улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор штаб ажиллаж байна.
Эхний ээлжинд Нийслэл хотын хангамжийг хэвийн хэмжээнд аваачиж, үүний дараа орон нутгийг бүрэн хэвийн болгох зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд автобензин болон дизель түлшний хомстолтой байгаа 30-40 сум байна. Зарим газарт бензинтэй боловч дизель түлшгүй, заримд нь эсрэгээрээ байгаа зэрэг давхардсан асуудлууд үүссэн.
Шуурхай штабаас өнөөдөр оройдоо багтан хангамжийн асуудлыг дахин нягталж, шатахуун тасарсан сумд руу ачилт хийхээр төлөвлөж байна. Мөн олон хоногоор оочир дугаар үүссэн аймгийн төвүүдийн хангамжийг хэвийн болгох чиглэлд анхаарна.
Намрын ургац хураалт, хөдөө аж ахуйн ажил эхэлсэнтэй холбогдуулан малчид, тариаланчдад саваар шатахуун олгохгүй байна гэх гомдол, маргаан зарим аж ахуйн нэгжүүд дээр гарсан. Аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлыг хангасан, ууршилтыг зөв амьсгалуулдаг зориулалтын саванд шатахуун олгох мэдэгдэл гарган ажиллаж байна. Үүнд төмөр болон зориулалтын 20 литрийн савнууд багтаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар орон нутгийн хэмжээнд зориулалтын саванд шатахуун олгох ажил 100 хувь хэрэгжиж байна.
Хэрэв зориулалтын савтай иргэдэд шатахуун олгохгүй байх зэрэг аливаа зөрчил, гомдол гарвал иргэд тухайн аж ахуйн нэгж болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын холбогдох утсанд хандах боломжтой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.