Иран, Оман улсууд Ормузын хоолойд түр хугацааны тээврийн коридор байгуулахаар тохиролцов
Иран болон Оман улсын Гадаад хэргийн сайд нар Тегеран хотноо уулзаж, дэлхийн эрчим хүчний тээврийн гол зангилаа болох Ормузын хоолойгоор аюулгүй тээвэрлэлтийг сэргээх түр коридор байгуулах төлөвлөгөөг тохиролцлоо.
Наймдугаар сарын 25-ны уулзалтаар талууд хамтарсан мэдэгдэл гаргаж, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах шийдлийг танилцуулсан байна. Түр коридор нь долоон далайн милийн өргөнтэй байх бөгөөд зөвхөн арилжааны хөлөг онгоцууд нэвтрэх юм.
Харин цэргийн хөлөг онгоцыг нэвтрүүлэхгүй бөгөөд Иран, Оман улс тэнгисийн мина цэвэрлэх хамтарсан ажиллагаа явуулахаар тохиролцжээ. Коридорыг урт хугацаанд ашиглах, тээврийн урсгал болон дамжин өнгөрөх хураамжийг зохицуулах талаарх техникийн хэлэлцээ үргэлжилж байна. Иран ачааны үнийн дүнгийн 5-7 хувийн хураамж авах санал гаргасан бол Оман үүнийг гурав орчим хувь болгох байр суурьтай байгаа аж.
Харин АНУ ямар нэгэн хураамж авахыг эсэргүүцэж, усан замаар чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардаж байна. Үүний өмнө буюу наймдугаар сарын 24-нд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ираны эдийн засгийг тусгаарлах зорилготой шинэ хориг арга хэмжээ зарласан юм. Ираны Гадаад хэргийн яам үүнийг хууль бус дарамт шахалт хэмээн буруушаажээ.
Ираны тал Омантай байгуулсан түр хэлэлцээр нь Ормузын хоолой бүрэн нээгдсэн гэсэн үг биш гэдгийг тодотгосон байна. Тегеран хоолойг бүрэн нээхийн тулд АНУ Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ цуцалж, газрын тос борлуулах зөвшөөрлийг сэргээх ёстой гэж шаарджээ. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн ойролцоогоор 20 хувь дамждаг. Тиймээс Иран, Оманы түр коридор байгуулах санаачилга нь дэлхийн эрчим хүчний зах зээлд үүссэн түгшүүрийг намжаах дипломат гарц болж магадгүй ч АНУ-ын хориг арга хэмжээ, дамжин өнгөрөх хураамжийн маргаан гол саад хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.