АНУ-ын шүүх Охио мужийн сонгогчдоос иргэний баримт шаардах хуулийг түр зогсоов
АНУ-ын Холбооны шүүх Охио мужийн Автотээврийн товчооны салбаруудаар сонгогчоор бүртгүүлэхдээ АНУ-ын иргэний харьяаллыг нотлох биет баримт бичиг шаардах хуулийн хэрэгжилтийг түр зогсоох шийдвэр гаргалаа.
Наймдугаар сарын 25-нд гаргасан шийдвэрт Охио мужийн Хойд тойргийн Холбооны шүүгч Соломон Оливер уг шаардлага нь 1993 онд батлагдсан Холбооны сонгогч бүртгэх үндэсний хуулийг зөрчиж байна гэж дүгнэжээ.
Тус холбооны хуулиар сонгогчийн эрхийг баталгаажуулахад шаардлагатай хамгийн бага мэдээллийг авах бөгөөд иргэншлээ баталж гарын үсэг зурах нь хангалттай гэж үздэг байна. Охио мужийн Бүгд найрамдах нам давамгайлсан хууль тогтоох байгууллага уг шаардлагыг 2025 оны гуравдугаар сард баталсан бөгөөд төрсний гэрчилгээ, гадаад паспорт зэрэг иргэний харьяаллыг нотлох баримт бичиг заавал үзүүлэхээр тусгасан юм.
Үүнийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагууд болон Ахмад америкчуудын холбоо 2025 оны наймдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэд уг шаардлага нь баримт бичгээ шууд авчрах боломжгүй иргэдийн сонгох эрхэд хүндрэл учруулна гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрийн дараа Охио мужийн Төрийн нарийн бичгийн дарга, Бүгд найрамдах намын гишүүн Фрэнк ЛаРөүз давж заалдахаа мэдэгдсэн бол нэхэмжлэгч талын өмгөөлөгч Бен Стаффорд шийдвэрийг сайшаажээ.
Ингэснээр 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох дунд хугацааны сонгуулийн өмнө Охио мужид сонгогчоор бүртгүүлэхдээ дээрх биет баримт бичгийг заавал шаардахгүй байх боломж бүрдэж байна.
Эх сурвалж:
• whbl.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.