Зүүн хойд азийн бүс нутаг дахь хил дамнасан элсэн болон шороон шуургатай тэмцэх хамтарсан санаачилгыг эхлүүллээ
СОР17 бага хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар (TCS) хамтран бүс нутгийн түүхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Уг хамтын ажиллагаа нь Зүүн хойд Азийн бүс дэх элсэн болон шороон шуургатай тэмцэх Монгол Улс-TCS-ESCAP-ын 2026-2034 онд хэрэгжих хамтарсан санаачилга юм.
TCS-ын эхлэлийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр бүс нутгийн хил дамнасан шороон шуурганаас үүдэлтэй байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Цөлжилтийн эрчим, зохисгүй газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр элсэн болон шороон шуурга нь Зүүн хойд Азийн бүс нутагт улам бүр нарийн төвөгтэй аюул, эрсдэл болж байна. Элсэн болон шороон шуурга нь хуурай, цөлийн бүс нутгаас үүсэж, улмаар агаар мандлаар хэдэн зуун километр дамжин, эх үүсвэргүй агаарын чанарыг бууруулж, чухал дэд бүтцийг тасалдуулж, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа тул ганц улс дангаараа шийдвэрлэх боломжгүй сорилт юм.
Уг санаачилга нь БНХАУ, Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нарын 2024 оны 5 дугаар сард болсон Гурван талт дээд хэмжээний уулзалт дээр баталгаажуулсан "Гурав + X" механизмаар дамжуулан Монгол Улсыг тэргүүлэх хамтрагчаар тодорхойлон, бүс нутгийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх стратегийн платформ болгож байна.
НҮБ болон НҮБ-ын бус бусад хамтрагч талуудтай нягт уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх энэхүү санаачилга нь дараах 4 стратегийн тулгуур баганаас бүрдэнэ.
Үүнд:
1)Нөлөөлөлд суурилсан нэгдсэн урьдчилан мэдээлэх систем ба эрт сэрэмжлүүлэх тогтолцоо,
2)Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, нөлөөллийн шинжилгээ,
3)Олон нийтийн түвшний бэлэн байдал,
4) Бүс нутгийн зохицуулалт, мэдлэг солилцох платформ, дээд түвшний оролцоо, хамтын ажиллагаа зэрэг болно.
Эхний шатны үйл ажиллагаа нь нөлөөлөлд суурилсан нэгдсэн урьдчилан мэдээлэх систем ба эрт сэрэмжлүүлэх тогтолцоонд онцгой анхаарч аюул эрсдэлийг илрүүлэх түвшнээс нөлөөлөлд суурилан бодлого, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ.
Түүнчлэн стандарт үйл ажиллагааны журмуудыг сайжруулж, эрсдэлийг эрт мэдээлэх, анхааруулах системийн бүтцийг боловсронгуй болгож, Монгол Улсын Үндэсний цаг уурын албаны чадавхыг бэхжүүлэх замаар энэхүү түншлэл нь эх үүсвэр нутаг болон шороон шуурга дамжин ажиглагдах агаар мандлын урсгалын доорх улс орнуудын иргэдийг хамгаалах "эрт хамгаалалт"-ын механизмыг бий болгоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.