Филиппиний сургуульд зэвсэгт халдлага гарч хоёр хүн амиа алджээ
Филиппин улсын өмнөд хэсгийн Замбоанга хотод байрлах Атенэо де Замбоанга их сургуулийн дунд сургуулийн кампуст зэвсэгт халдлага гарч, хоёр хүн амиа алджээ.
Тухайн хэрэг өнөөдөр өглөөний 7:50 цагийн орчимд болсон бөгөөд тус сургуулийн есдүгээр ангийн сурагч галт зэвсэгтэй нэвтэрч, бусдын аминд хүрснийхээ дараа өөрийн амийг егүүтгэсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос уг хэрэг явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн, сургуулиудын аюулгүй байдлыг яаралтай чангатгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Халдлага үйлдсэн этгээд нь есдүгээр ангийн сурагч Мухаммед Маэл Жалани гэгч байсан бөгөөд тэрбээр .45 калибрын гар буу болон урт буугаар зэвсэглэн сургуулийн байранд нэвтэрчээ. Тэрбээр эхлээд дөрөвдүгээр давхарт байх ангид орж, ширээнийхээ ард сууж байсан багш руу гал нээсэн боловч оноогүй байна. Үүний дараа өөр анги руу шилжин орж, 10 дугаар ангийн сурагч Патрик Дилан Вигийн аминд хүрчээ. Халдлага үйлдэгч этгээд биедээ камер зүүж, халдлагын явцыг Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд уг бичлэг нь цахим тоглоом шиг харагдаж байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Халдлага үйлдсэнийхээ дараа тэрбээр тавдугаар давхар руу гарч, барилгаас үсрэн амиа хорлосон байна.
Хэрэг явдлын дараа Филиппиний Гаалийн товчооны комиссар Ариэль Непомусено халдлага үйлдсэн сурагчийн эцэг, Замбоанга боомтын Хамгаалалт, аюулгүй байдлын албаны дарга, дэслэгч Ларс Жаланиг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хэдийгээр эцэг нь уг хэрэгт шууд оролцоогүй ч өсвөр насны хүү нь хэрхэн ийм хүчин чадалтай зэвсэг олж авсан, үүнд албаны зэвсэг ашиглагдсан эсэхийг шалгах зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна.
Атенэо де Замбоанга их сургуулийн ерөнхийлөгч Эрнальд Андал сургуулийн орчныг хяналтад авч, тухайн өдрийн хичээлийг бүрэн зогсоосон байна. Филиппинд галт зэвсгийн хууль маш чанга байдаг тул сургуулийн орчинд зэвсэгт халдлага гарах нь ховор боловч энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд гарсан хоёр дахь халдлага болж байна. Өмнө нь зургаадугаар сарын 22-нд Таклобан хотод гарсан халдлагын улмаас гурван сурагч амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.