Одоо бол голж шилж суух цаг биш

Одоо бол голж шилж суух цаг биш

Украины дайн энэ жилдээ дуусахгүй нь тодорхой болов. 2027 он гарвал энэ уршигт дайн зургаан жилийн нүүр үзэх нь ээ. 

Одоо үндсэндээ явганаар дайрахаасаа дроны дайн хийцгээж байна. Оросын зэвсэгт хүчин өдөр бүр Украины энгийн иргэд рүү дрон хөөргөж байна. Нутаг орноос нь дайжуулах гол зорилготой гэх. Хариуд нь Украины батлан хамгаалахынхан газрын тосны дэд бүтцүүдэд цохилт өгөх ажиллагаагаа хоёр дахин нэмэгдүүлэхээ саяхан дэлхий нийтэд зарлачихлаа. Оросын дайны хөрөнгө мөнгө газрын тосоос орж ирж байгаа учир үүнийг таслан зогсоох нь тэдний нэг тэргүүний зорилго гэнэ.

Урьд цагт “Москва найтаахад энд Монгол ханиад хүрдэг” гэх хошигнол байв. Үүн лугаа адил Украины дайн (зэвсэгт мөргөлдөөн гэнэ үү хамаагүй) бидний идэх мах, уух сүүнд нөлөөлөөд эхэлчихлээ. Энэ нь шатахууны хомстол юм.

Бид түлш шатахууны 90 хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэн хувийг урд хөршөөс, түлшний тодорхой хэсгээ дотооддоо үйлдвэрлэдэг. Дайны улмаас өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг бүгд мэдэж байгаа. Сар гаруйн өмнөөс байдал хэцүүдээд арайхийж намжиж байтал дахиад оочир дугаарлалт эхэлчихлээ.

Салбарын сайд, салбарын яамны хувьд учирлаад л байгаа. Ард иргэд ойлгож байгаа.

Ер нь саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн нөөцийн саваа нэмэгдүүлэх ёстой юм байна, дор хаяхад сарын түлшний нөөцтэй болмоор юм байна. Орос гэлтгүй Хятад, Казакстан гэх мэтээс эх үүсвэрээ нэмэгдүүлмээр юм байна. Алтанширээтийн нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг яаравчлуулмаар юм байна. Дорнодын Тамсагийн олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг ухаарч эхлээд байна.

Аливаа муу юм ерөнхийдөө сайн.

ОХУ хийн крантаа хаахад Европ нэг хэсэг шоконд орж хэцүүдсэн ч өөр эх үүсвэр яаравчлан олж, цөмийн станцын ажлуудаа эрчимжүүлээд эхэлсэн байдаг. Одоо ямар Орос хийгээ өгөхгүй гэхээр бүгд үхэлтэй биш дээ. Бид яг л ийм нөхцөлд байдалд орчихлоо.

Одоо бол голж шилж суух цаг биш. Үнэтэй ч хамаагүй олдож байгааг нь хэрэглэхээс өөр замгүй боллоо. Гол нь инфляцид бага нөлөө үзүүлэх шат дараалсан арга хэмжээг Засгийн газар болон Монголбанк авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сарын дараанаас өвөл айлчлан ирж жавар тачигнаж эхэлнэ. Тэр үед өнөөдрийнх шиг машиндаа хүүхдээ тэврээд дугаарлахыг хэн ч хүсэхгүй байна шүү дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.