🔴Н.Учрал: Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг шинэ эдийн засаг гэж харах цаг болсон

AI хөрвүүлсэн
🔴Н.Учрал: Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг шинэ эдийн засаг гэж харах цаг болсон

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл “ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ. ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ” уриан дор Монгол Улсад арав гаруй хоног чуулна. Ерөнхий сайд Н.Учрал саяхныг хүртэл манай улсын нийт газар нутгийн 76 хувь нь доройтолд орсон гэж яригддаг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 80 гаруй хувьд хүрээд байгааг онцоллоо. 

Ерөнхий сайд Н.Учрал:

-Цөлжилт бол өнөөдөр дэлхий нийтийн хамтын сорилт болсон. Тийм ч учраас НҮБ-аас цөлжилттэй тэмцэх талуудын бага хурлыг дэлхийн улс орнуудын дунд өрсөлдөөн зарлаж зохион байгуулдаг. Өмнө нь Саудын Араб улсад Коп16 дугаар хурал зохион байгуулагдаж байсан бол дараагийн Коп17 дугаар хурал манай улсад зохион байгуулагдаж байна. Энэ хурал нь цөлжилттэй тэмцэх туршлагаа дэлхийн улс орнууд хамтдаа хуваалцах, хамгийн сайн туршлагуудыг уламжлан дараа дараагийн орнууд энэхүү том сорилтыг давахад чиглэдэг.

Манай улсын хувьд газрын доройтол, цөлжилт саяхан 76 хувь гэж хэмжигддэг байсан бол өнөөдөр 81.9 хувьд хүрчээ. Энэ нь манай дотоодын өөрсдийн хийсэн үнэлгээ юм. Бид цөлжилттэй тэмцэх бодлого дээр дэлхийн улс орнуудын сайн туршлагыг ашиглах цаг ирсэн. Өнөөдөр бидний хамтдаа зогсож байгаа энэ талбарт дэлхийн 22 улс 66 павильоноор оролцож, өөрсдийн сайн туршлагыг бусад улс орнуудтай хуваалцаж байна. Мөн энэ хуралд яг одоогийн байдлаар дэлхийн болон дотоодын 20 гаруй мянган оролцогч бүртгүүлээд байна. Энэ тоо цаашид улам нэмэгдэнэ. Энэ нь газрын доройтлын эсрэг тэмцэх бодлого дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг харуулж байна.

Байгаль орчны асуудал, цөлжилттэй тэмцэх болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бид илүүтэйгээр "Шинэ эдийн засаг" гэж харах цаг болсон байна. Газрын доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дандаа шинэ эдийн засгийг эрэлхийлж байх ёстой.

Энэ ч утгаараа манай Засгийн газар байгуулагдаад дөрвөн сарын дотор Уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг Улсын Их Хурлаар батлуулж чадсан. Энэ хуулийн хамгийн гол концепц нь хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг хийж, эцсийн үр дүнд хүлэмжийн хийг бууруулах карбон кредитийг дэлхий нийтэд арилжаалах замаар шинэ эдийн засгийг бий болгож, эдийн засгаа төрөлжүүлэх шинэ боломжийг нээж байгаа юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй мөртлөө газар нутаг багатай улсууд манайх шиг өргөн уудам газар нутагтай, газрын доройтол, цөлжилттэй тэмцэж буй орнуудаас карбон кредит солилцохыг эрмэлздэг. Тийм учраас бид карбон кредитийг солилцох, арилжаалах бүх боломжийг хуулиар нээж, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг хуульчилж өгсөн. Өнгөрсөн хугацаанд бид Швейцар болон Сингапур улстай карбон кредит солилцох гэрээг байгууллаа.

Үүний үр дүнд манай малчид нэмэлт орлоготой болох боломж бүрдэж байна. Хоршоо болон өрхүүдээрээ нэгдсэн малчид газрын доройтлыг бууруулж, үүнээс ялгарч байгаа хүлэмжийн хийгээ дэлхий нийтэд арилжаалан нэмэлт орлого олох боломжийг хууль эрх зүй болон олон улсын гэрээ хэлцлийн хүрээнд нээж чадсан. Бид энэ санаачилгаа "Нарлаг Монголын малчин" хөтөлбөр хэмээн дэлхий нийтэд зарлаж, хамтран ажиллахыг уриалсан.

Мөн манай улсын хамгийн том давуу тал бол нар, салхины арвин их нөөц юм. Үүнийг дэлхий дахинд ашиглаж байгааг харуулах үүднээс үндэсний ногоон өртөөний сүлжээг бий болгож, ногоон эрчим хүчийг ашиглан ногоон санхүүжилтийг босгоно. Цахилгаан машин болон ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Копын өмнө олон ажлыг эхлүүлсэн.

Засгийн газраас дэвшүүлж буй Чөлөөлөлтийн үндэсний санаачилгын дөрвөн том чөлөөлөлтийн нэг нь Ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Үүний эхлэл болгож эрчим хүчний салбарын олон дүрэм журмын саад тээгийг арилгаснаар малчин өрх, айл өрхүүд нарны панель, батарей хураагуур ашиглан ахуйн хэрэгцээгээ хангахаас гадна, илүү гарсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж орлого олох боломжтой болсон.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд айл өрхүүд цахилгаан үйлдвэрлэгч болж, 400 сая төгрөгийн орлого олсон байна. Энэ бол шинэ эдийн засаг, шинэ эрэлхийлэл, дэлхий нийтийн шинэ сорилт юм. Дэлхий дахин нүүрснээс татгалзаж байгаа энэ үед бид нар, салхиа ашиглан хөгжиж болдгийг харуулж байна. Түүнчлэн манай Засгийн газрын үед сэргээгдэх эрчим хүчний таван том эх үүсвэрийг зарлаад байа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.