🔴АИ-92 бензиний үнэ өнөөдөр 200 төгрөгөөр нэмэгдлээ

AI хөрвүүлсэн
🔴АИ-92 бензиний үнэ өнөөдөр 200 төгрөгөөр нэмэгдлээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны хангамж, үнийн зохицуулалт болон Дорнод аймагт үүсээд буй газрын тосны хайгуулын ажлын эсэргүүцлийн талаар мэдээлэл хийлээ.

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв: 

-Өнөөдөр, маргаашийн шатахууны татан авалтыг сайжруулснаар ирэх даваа гаргаас эхлэн улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байна.

Монгол Улс ОХУ-тай тогтвортой байдлын гэрээ хийж, АИ-92 автобензинийг олон жилийн турш тонн тутмыг нь 705 ам.доллароор авч ирсэн. Энэ үнийг дайны нөхцөл байдлын үед ч мөрдөж ирсэн. ОХУ-ын дотоодод хомстол үүсэж, үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Монголд шатахуун хямд байна гэх шалтгаанаар ОХУ-аас Монгол Улсын хил рүү орж ирж бүтээгдэхүүн авах тохиолдол гарч байсан. ОХУ-ын иргэд дотооддоо олон хоногоор оочирлож байхад монголчууд хямд хэрэглэж байна гэх шүүмжлэл ч гарч байсан. 

Өнөөдөр ОХУ-д дайны нөхцөл байдал үргэлжилж, өдөр бүр газрын тос боловсруулах үйлдвэр, дэд бүтцүүд нь дроны довтолгоонд өртөж байна. Олон улсын түвшинд түүхий тосны үнэ өсөж, боловсруулсан бэлэн бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн. ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу олон улсын зах зээл дээр үнэ гурван сар дараалан 30 хувиас дээш өсвөл үнийг эргэн харах нөхцөлтэй байдаг. Үүний дагуу 705 ам.доллар байсан үнэ өнгөрсөн сард 800 ам.доллар болж, улмаар наймдугаар сарын 1-нээс нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ 851 ам.доллар болж нэмэгдсэн.

Шинэ үнээр бүтээгдэхүүн нийлүүлэгдэж эхэлснээр ААН-үүд өнөөдрийг хүртэл алдагдалтай үнээр борлуулж ирсэн. Засгийн газраас бусад төрлийн бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй орхиж, хямд эх үүсвэр олоход анхаарч байгаа. АИ-92 автобензиний хувьд Засгийн газраас үнийг чөлөөтэй тавих боломжгүй гэдэг байр суурийг ААН-үүдтэй тохиролцсон. Хэрэв үнийг чөлөөлбөл өнөөдрийн эрэлт өндөр, нийлүүлэлт бага байгаа үед АИ-92-ын үнэ 4000-5000 төгрөгт хүрэх эрсдэлтэй.

Үнийн зөвлөл албан ёсоор хуралдаагүй боловч зарим ААН-үүд алдагдлаа нөхөх, хангамжаа тасралтгүй байлгах үүднээс үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн байна.

Төрөөс монополыг задлахгүй гэсэн байр суурь байхгүй бөгөөд харин ч өрсөлдөөнийг бий болгохоор ажиллаж байна. Засгийн газрын шийдвэрээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж, нээлттэй олгож байгаа. Гэвч 200 ААН бизнесээ идэвхтэй хийж чадахгүй байгаа шалтгаан нь дэд бүтэц болон эргэлтийн хөрөнгийн өндөр зардалтай холбоотой. Одоогоор ердөө 5-10 компани л өөрийн гэсэн нөөцийн савтай, бусад нь савгүй байна. Үүнийг өөрчлөхөөр Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож, өөрийн савтай болох бодлогыг дэмжиж байна. 

Энэ жилийн тухайд 150 мянган м³ багтаамжтай сав ашиглалтад орж, нөөцийг 18 хоногоор нэмэгдүүлнэ. Улмаар 2028 он гэхэд Монгол Улс гурван сарын хэрэглээгээ хангах газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн савтай болж, боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн хомстол, дамлан борлуулалтын асуудал бүрэн шийдэгдэнэ.

Наймдугаар сарын 20-ноос эхлэн 18 мянган м³-ын агуулах сав нээлтээ хийхээр бэлтгэж байна. ОХУ-аас гадна бусад зэрэг орнуудаас бүтээгдэхүүн татан авахаар ГХЯ болон Элчин сайдын яамдаар дамжуулан ажиллаж байна. БНХАУ-аас шатахуун авах санал тавихад Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан тонн нь 1650-1950 ам.долларын үнийн санал ирүүлсэн. Энэ нь ОХУ-ын 851 ам.доллартай харьцуулахад маш өндөр үнэ гэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.