🔴ЗГ: Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлийг байгууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлийг байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр хиймэл оюун ухааныг (AI) салбар бүрд хэрхэн зөв зохистой ашиглах, төрийн үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлэх талаар бодлогын түвшинд нэгдсэн байдлаар салбар дундын үйл ажиллагааг зохицуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Оксфордын их сургуулиас гаргадаг "Хиймэл оюун ухааны хөгжлийн индекс"-ийн 2024 оны судалгаагаар манай улс дэлхийн 188 орноос 98 дугаар байранд жагссан байна. Харин стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичгийн чиглэлээр "тэг" оноо авч, хамгийн ахицгүй орнуудын тоонд оржээ.
Энэ нь Монгол Улс хиймэл оюун ухааны нэгдсэн стратеги, бодлого төлөвлөлттэй болж, түүнийгээ нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна хэмээн ЦХИХХ-ны сайд Ч.Номин мэдээллээ.
Дэлхийн хэмжээнд AI-ийн дэд бүтцэд (дата төв гэх мэт) 320 тэрбум ам.доллар, AI технологид хоёр триллион ам.доллар зарцуулж байгаа бөгөөд манай хөрш БНХАУ гэхэд 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө өндөр технологийг бүх үйлдвэржилт, өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх бодлого барьж ажиллаж байна.
Монгол Улс энэхүү дөрөвдүгээр аж үйлдвэржилтийн эрин үед дэлхийн зах зээлд хэрхэн оролцох судалгааг хийхэд, манай улс "AI ногоон дата төв" байгуулах буюу өгөгдөл хадгалалтын шатанд оролцох нь хамгийн үр өгөөжтэй гэж үзсэн байна. Иймд Засгийн газраас "AI Ногоон дата төв"-ийг Монгол Улсад барьж байгуулах бодлогыг тодорхойлсон бөгөөд удахгүй болох COP17 хурлын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчин, цаг агаарын давуу тал болон Өгөгдлийн тухай хуулиа танилцуулахаар бэлтгэж байгаа аж.
Түүнчлэн, төрийн үйлчилгээний "E-Mongolia" систем өнөөдрийн байдлаар 3.6 сая иргэний 2.1 саяд нь бүртгэлтэйгээр хүрч, 110 сая үйлчилгээг үзүүлээд байна. Цаашид хиймэл оюун ухаанд суурилсан төрийн үйлчилгээг нэвтрүүлснээр төр иргэдийнхээ шаардлагатай үйлчилгээг урьдчилан таньж мэдэж, төлөвлөж үзүүлдэг болох давуу тал үүснэ гэв.
Хуралдаанаар Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны эцсийн тайланг хэлэлцсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад эрдэм шинжилгээний байгууллагын 20 гаруй эрдэмтэн, судлаачид 1991-2025 оны буюу 30 гаруй жилийн өгөгдөлд суурилан энэхүү судалгааг хийж гүйцэтгэжээ.
Өмнө нь 2020 онд хийсэн судалгаагаар нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн гэж гарч байсан бол таван жилийн дараах шинэчилсэн тайлангаар нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэсэн дүгнэлт гарчээ. Үүнийг дотор нь ангилж үзвэл:
- 0.9 хувь нь нэн хүчтэй,
- 6.2 хувь нь хүчтэй,
- 42 хувь нь дунд зэрэг,
- 31 хувь нь сул өртсөн,
- 18 хувь нь цөлжилтөд нэрвэгдээгүй байна.
Энэхүү судалгааны дүн нь цаашид хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, төсвийн хуваарилалт зэрэг төрийн бүх шатны бодлогын суурь мэдээлэл болох юм. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, ХАА, мал аж ахуй, уул уурхай, эрчим хүчний салбарт сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаанд заналхийлж байгааг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.