The MongolZ баг Esports World Cup 2026 тэмцээний эхний тоглолтоо Magic багийн эсрэг хийнэ
Esports World Cup 2026 (EWC 2026) тэмцээний Counter-Strike 2 (CS2) төрлийн аварга цолыг хамгаалагч The MongolZ баг өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр эхний тоглолтоо Европын болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн magic багийн эсрэг хийхээр боллоо. Улаанбаатарын цагаар 20:00-оос 21:20 цагийн хооронд эхлэх энэ тоглолт нь Best of 1 (BO1) форматаар явагдах бөгөөд тус багийн хувьд тэмцээнээ амжилттай эхлүүлэх чухал хариуцлагатай үе ирээд байна. Францын Парис хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг хоёр сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн Esports World Cup 2026 тэмцээн нь наймдугаар сарын 12-ноос 23-ны өдрүүдэд Франц улсын Парис хотын "Paris Expo Porte de Versailles" болон "Accor Arena" ордонд зохион байгуулагдаж байна. Өмнө нь Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас ийнхүү Парис руу шилжүүлжээ. Нийт 75 сая ам.долларын шагналын сантай EWC тэмцээний CS2 төрөлд хоёр сая ам.доллар ногдож байгаа бөгөөд багууд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. The MongolZ баг нь NAVI, FURIA, paiN Gaming, 3DMAX, magic, 9z болон Wildcard багуудын хамт D хэсэгт багтсан юм.
Хэсгийн шатны тоглолтууд хожигдвол хасагдах эрхтэй (double-elimination) журмаар явагдах бөгөөд хэсэг бүрээс шилдэг дөрвөн баг плей-оффын шатанд шалгарна. Хэрэв The MongolZ баг өнөөдрийн эхний тоглолтод magic багийг хожвол Бямба гаргийн 19:00 цагаас Францын 3DMAX болон Украины Natus Vincere (NAVI) багуудын хожсонтой нь плей-оффт шууд шалгарах эрхийн төлөө Best of 3 (BO3) форматаар тоглох хуваарьтай. Харин хожигдсон тохиолдолд доод хэсэг рүү унаж, тэмцээнд үлдэхийн төлөөх шийдвэрлэх тоглолтуудыг хийх шаардлагатай болох юм.
Өмнөх жилийн Esports World Cup 2025 тэмцээний шийдвэрлэх тоглолтод Aurora Gaming багийг 3-0 харьцаагаар буулган авч аваргалж байсан The MongolZ баг дэлхийн чансааны үзүүлэлтээрээ энэ жилийн тэмцээнд шууд урилгаар оролцож байна. Тус баг саяхан бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, залуу авьяаслаг тоглогчид болох tikuak (Золбаяр Чимэдцэрэн) болон DarkMeister (Дугарсүрэн Ирээдүй) нарыг үндсэн бүрэлдэхүүний bLitz (Гаридмагнай Бямбасүрэн), Techno (Содбаяр Мөнхболд), 910 (Өсөхбаяр Банзрагч) нартай нэгтгэсэн юм. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр тэд хамгийн сүүлд Мальта улсад зохиогдсон BLAST Premier Bounty S2 2026 тэмцээнд шилдэг найман багийн нэгээр шалгарсан амжилттай байна.
Аварга цолоо хамгаалахаар Парисыг зорьсон тус багийн хувьд шинэ бүрэлдэхүүний хамтын ажиллагаа болон тактикийн бэлтгэлээ дэлхийн тавцанд харуулах чухал сорилт эхэлж байна. Хэсгийн шатнаас шалгарсан шилдэг 16 баг цаашид хасагдах шатны (single-elimination) тоглолтуудыг BO3 форматаар хийх бөгөөд аваргын төлөөх тоглолт BO5 форматаар явагдаж шилдэг нь тодорно. Дэлхийн хэмжээний шилдэг багууд цугларсан энэ тэмцээнд аварга цолоо хамгаалж үлдэх үү, эсвэл шинэ аварга төрөх үү гэдгийг шийдэх хариуцлагатай тоглолтууд ийнхүү эхэллээ.
Эх сурвалж:
• navi.gg
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.