Ш.Энхийн-Од "Японыг сөхрүүллээ"
Япон улсын Сага хотод сагсанбөмбөгийн эрэгтэйчүүдийн “NIPPON LIFE CUP 2026” нөхөрсөг тоглолтод Монголын шигшээ баг Японы шигшээг буулган авлаа.

"FIBA World Cup 2027" Ази тивийн урьдчилсан шатны тоглолтын өмнө Японы Сагсан бөмбөгийн холбооноос сорилт, бэлтгэлийн хүрээнд Монгол улсын шигшээ багтай хоёр өдрийн нөхөрсөг тоглолтыг зохион байгуулж байна.
Эхний өдрийн тоглолтод Монгол улсын шигшээ баг Японы багийг 67:65 харьцаагаар буулган авч, том дуулиан тарилаа.
-
Тоглолт тун тэнцүү өрнөсөн бөгөөд сүүлийн мөчид оноо тэнцүү байх үед Монголын шигшээ багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн хурдан довтолгоог амжилттай болгож, багтаа ялалт авчирсан нь Японы хэвлэлүүдэд "Японыг сөхрүүллээ" хэмээн онцолсон байна.
-
Гол үзүүлэлт: Шаравжамцын Энхийн-Од энэ тоглолтод 33 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт гэсэн гайхалтай үзүүлэлтийг үзүүлж, Японы хамгаалалтыг сандаргасан байна.
- Тоглолтын шилдэг: Монгол улсын шигшээ багийн тоглогч Х.Оргил Япон улсын шигшээ багийн эсрэг 16 оноо, 9 самбар, 5 довтолгооны самбар, 7/15 довтолгоо гэсэн статистикийг үзүүлж тоглолтын шилдэг нь боллоо.
Японы багийн тоглолт шүүмжлэл дагууллаа
Японы хэвлэлүүдэд тус улсын шигшээ багийн үзүүлэлтийг чамлалттай хэмээн дүгнэж байна. Японы шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 22-т жагсаж, Азийн тивийн чансааг тэргүүлж буй тул фэнүүд тэс өөр үр дүнг хүлээж байсан нь нууц биш. Тус багийн Жош Хокинсон 18 оноо, Харпер Жуниор 15 оноо авсан хэдий ч багийн нийт тоглолт сул байсныг тэмдэглэжээ.
Тэгвэл хоёр дахь тоглолт өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт явагдах хуваарьтай байна. Шигшээ багийн залуустаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.