Согтуудаа цагдаагийн биед халдсан дуучин Б.Анхбаярыг шалгаж байна
Дуучин Б.Анхбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзан, улмаар биед нь халдсан хэрэг энэ сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тухайн хэрэг нь “The HU” хамтлагийн тоглолтын дараа буюу 2026 оны наймдугаар сарын 8-нд болжээ. Хэргийг одоогоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Тэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилогдсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.
Хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн болон доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний (250,000) төгрөгөөр торгох зохицуулалттай.
Мөн тохиолдлоос хамааран, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх" зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.