🔴Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 50 хувийн гүйцэтгэлтэй байна

AI хөрвүүлсэн
🔴Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 50 хувийн гүйцэтгэлтэй байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ жил зарим бүс нутагт хуурайшилт их байгааг онцолж, улсын хэмжээнд 58.9 сая толгой мал тоологдсоныг мэдээлэв. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах нь мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хадгалж, болзошгүй эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдан, нүүрсний таталт, шатахууны нөөц бүрдүүлэх, ОСНААУГ-уудын өвлийн бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байна.

Шадар сайд Улсын Онцгой комиссын даргын хувиар Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, 21 аймагт газар дээр нь ажиллан өвөлжилтийн бэлтгэлийн явцыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг мэдэгдэв. Түүнчлэн шүлхий өвчний эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлд төвлөрөх зорилгоор 2026 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутагт зохион байгуулах баяр наадмын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасныг мэдээллээ.

Мөн шүлхий өвчний тархалттай холбогдуулан малын халдварт өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор 2026 оны наймдугаар сарын 1-нээс Ховд, Баян-Өлгий аймгаас бусад аймаг сумдын наадмыг зохион байгуулагдахгүй гэв.

Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, орон нутгийн удирдлагууд үндсэн чиг үүрэгтээ төвлөрөх шаардлагатай байгааг онцоллоо. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад нийт 20 мянга орчим хүн ажилласны дотор 5500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, урлаг, соёлын салбарынхан хамтран ажилласан байна.

Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт хоёр тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн бөгөөд уг орлого, зарцуулалтад аудитын шалгалт хийж, ил тод, нээлттэй танилцуулахаар ажиллаж байгааг мэдээлэв.

Үндэсний их баяр наадмаас олсон орлогоор Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборын зураг төслийн ажлыг хийхээр бэлтгэж байна. Мөн энэ жилээс эхлэн өндөр цолтой бөхчүүдээс давхар допингийн шинжилгээ авсан нь онцлог болсон бөгөөд улсын цолтой бөхчүүдээс допингийн зөрчил илрээгүйг албан ёсоор мэдэгдлээ. Одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн түүхэн үүргээ гүйцэтгэж дууссан учраас дэд бүтэц, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд шинэ цогцолборыг Хүй долоон худгийн дэнж дээр байгуулахаар төлөвлөж байна. Тус цогцолборыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн сайн дурын хандиваар байгуулах бөгөөд ирэх жилийн баяр наадмаар ашиглалтад орох талаар мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.