БЗС-гийн Ажлын албаны дарга асан Д.Гардийг 15 сая төгрөгөөр торголоо
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэрбээр гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, ажилдаа хариуцлагагүй хандсан гэдгээ илэрхийлсэн бөгөөд хурал нь ч шуурхай болсон юм. Д.Гардид Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэрбээр 2022 оны 4-6 дугаар сард өөртөө 796 мянга гаруй төгрөгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж, уг мөнгийг авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт БЗС-гийн зээлээр суралцаад 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан. Албан тушаалаа урвуулан ашиглаж, 2022 оны аравдугаар сарын 28-ны А/86 дугаартай тушаалаар Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй 27 суралцагчид 1.5 тэрбум орчим, 2022 оны арванхоёрдугаар сарын 23-нд 447.9 сая, нийт 1.8 тэрбум илүү төгрөг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгагдсан билээ. Д.Гарди өөртөө авсан 796 656 төгрөгийн үр дүнгийн урамшууллаа буцааж төлснөөс гадна БЗС-гийн 27 зээлдэгч хууль, журмын дагуу төлбөрөө төлж, гэрээний үүргээ биелүүлж буйг хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч хэлж байв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Д.Гардийг албан тушаалаа урвуулж өөртөө, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Уг мөнгийг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр болсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.