Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо
Улс төр, эдийн засгийн аливаа савлагааны үр дагавар Засгийн газрын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Түүгээрээ аль ч Засгийн газрын тэргүүн гадаад, дотоод улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хүсэж байдаг.
Тухайлбал, Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2026 онд 37 тэрбум ам.доллараас давж, өмнөх онтой харьцуулахад өсөлттэй гарчээ. Гэвч сүүлийн 15 жилийн дундажтай харьцуулахад харьцангуй удаашралтай, тодорхой бус чиг хандлагатай байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг экспортыг дэмжих, томоохон стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд идэвхтэй ажилласаар байгаа юм. Мөн, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч, ногоон орон сууц, хотын шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Үүнээс гадна нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Засгийн газар, Ерөнхий сайдын хамгийн том үүрэг болдог. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал сая тийм томоохон шалгуурыг давлаа.
Засгийн газар “Оюу толгой” төслийг хамтран хэрэгжүүлэгч “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга, Зэсийн группийн захирал нартай 2026 оны зургадугаар сарын 30-нд хэлэлцээр хийв. Уг хэлэлцээрээр Засгийн газар Монгол Улсад ашигтай хувилбараар харилцан тохиролцлоо. Хэлэлцээрийн дараа Оюу толгой төслийн хамтрагч “Рио Тинто”-гийн хувьцаа олон улсын биржүүд дээр өслөө. Үүнийг зарим өнцгөөс сөрөг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл Монгол Улсад хөрөнгө оруулсан компанийн хувьцаа өсөх нь хөрөнгө оруулалтын таатай байдлыг илтгэж байгаа сайн үр дүн юм.
Мөн, хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний их баяр наадмын өмнө сайхан мэдээ дуулгая. “Оюу толгой” төслийн менежментийн зардлыг найман их наяд төгрөгөөр буурууллаа.
Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа. Засгийн газар эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор буурууллаа. Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Энэ онд ногдол ашиг авах асуудлаар “Рио Тинто” компанитай тохиролцлоо.
Хэлэлцээнүүдийн үр дүнд нийт 30 их наяд төгрөгөөр зардлыг бууруулав. Ирээдүйд бидний хүртэх өгөөж нэмэгдэнэ. Цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллана. Үр дүнд хүрнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монголчууд эрх ашгаа хаанахын, хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг харуулав. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ. Манай улсад хөрөнгө оруулсан бол өөрийн улсын хөрөнгө оруулагчтай эн тэнцүү хамгаална. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулсанд талархлаа. Оюу толгойн нэг хэсэг болох “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэрхэх тухай санал боловсруулна.
Бид эвлэлдэн нэгдэж, улс орны эрх ашгийн төлөө шударгаар ажиллавал ямар үр дүнд хүрдгийн нэг жишээг батлан харуулав. Манай засгийн газар та бүхэнд дуусдаггүй олон яриаг дуусгаж, олон сайн мэдээ сонсгохын төлөө хичээн ажиллах болно. Үндэсний эрх ашгаа хамгаалсан бүх монгол хүнд талархал илэрхийлье” гэв.
Ерөнхий сайдын үгэнд “Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ. Манай улсад хөрөнгө оруулсан бол өөрийн улсын хөрөнгө оруулагчтай эн тэнцүү хамгаална. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулсанд талархлаа” гэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад зөв мессеж болж хүрч байгааг эх сурвалжууд онцолж байна. Үнэндээ, өнгөрсөн хугацаанд зарим томоохон төслүүд дээр гэрээ хэлэлцээр удааширч, төрийн зүгээс бодлогын гэнэтийн шийдвэрүүд гаргаж байсан нь бизнесийн орчинд таагүй уур амьсгал бүрдүүлээд байсан юм. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэн үг өнгөрсөн алдааг засаж, хөрөнгө оруулагчид Монголыг “шинээр” харах таатай боломжийг нэмэхүйц болов.
Б.БАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 126 (7868)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.