🔴О.Цогтгэрэл: Эдийн засаг өсөж байна гэж эрх баригчид хэлдэг ч иргэдэд биш цаасан дээр л өсдөг
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит "4:11" мэдээллийн цагаараа хаврын чуулганы үр дүн болон бүлгээс санаачлан батлуулсан хууль тогтоомжуудын талаар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хаврын чуулган нь зөвхөн нэг чуулганы хаалт бус, өнгөрсөн дөрвөн жилийн парламентын бүрэн эрхийн хугацааны хамгийн хариуцлагатай үеийг дүгнэх цаг хугацаа гэдгийг тэд онцоллоо.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрх баригчид гурван Засгийн газар, гурван Ерөнхий сайд, гурван парламентын даргын нүүр үзэж, зөвхөн албан тушаал, сандал суудлын асуудал ярьсаар ирсэн. Харин АН-ын бүлэг зөвхөн сөрөг хүчний байр сууринаас биш, иргэдийн амьдралд бодитой нөлөөлөх бүтээлч хуулийн төслүүдийг санаачлан, батлуулах чиглэлд онцгой идэвхтэй ажиллалаа.
"D-Parliament" платформоор дамжуулан зургаан хоногийн дотор 100 мянган иргэний гарын үсэг цуглуулсан, Хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) нэг хувь болгох хуулийн төсөл тодорхой үр дүнд хүрсэн. Хэдийгээр Засгийн газар уг хуулийг бүрэн хэмжээгээр дэмжээгүй ч АН-ын шахалтаар хоёр сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн татварыг нэг хувь болгох зарчмын шийдвэр гарч, хууль батлагдлаа. Энэ нь татварын дарамтыг бууруулж, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжсэн АН-ын үзэл баримтлалын дагуух эхний том алхам болсон.
АН-ын бүлгээс санаачилсан "Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль"-ийг Засгийн газрын Бизнесийн эрх чөлөөний тухай хуультэй нэгтгэн хэлэлцэж, эцсийн шатанд оруулсан. Хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, үнэ тогтоохгүй байх, татварын хувь хэмжээг нам доор байлгах, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх зэрэг төрийн оролцоог хязгаарласан зарчмуудыг тусгасан. Ингэснээр залуучууд улс төрийн нам дагаж цүнх барих биш, өөрийн хүч хөдөлмөрөөр бизнес эрхлэн хөгжих эрх зүйн орчны эхлэл тавигдаж байгаа.
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд хувиараа бизнес эрхлэгчдийн даатгалын дарамтыг бууруулах чиглэлд тодорхой ахиц гарсан. Өмнө нь иргэний гэрээгээр ажиллагсдын орлогоос хоёр талын суутгал хийдэг байсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээс суутгадаг болгон өөрчилсөн. Мөн байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулах, унаа хоолны хөнгөлөлтийг шимтгэлээс чөлөөлөх зэрэг асуудлыг цаашид үргэлжлүүлэн шахаж ажиллана.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийг хүчингүй болгох төсөл батлагдсан. Энэ хуучин нийгмийн хуулийг ашиглан Төрийн өмчит компаниудад (ТӨК) Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилж, хуулиас гадуур шийдвэр гаргадаг байсан буруу тогтолцоог халсан нь ТӨК-удын засаглалыг сайжруулах, улсын төсвөөс гадуурх их хэмжээний хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох чухал алхам болсон гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлтийг цаасан дээр биш, иргэдийн хөргөгч, түрийвчинд мэдрэгдэхүйц болгохын тулд татвар, даатгалын дарамтыг бууруулах тэмцлээ үргэлжлүүлнэ. Мөн цэргийн албанд хүний амь нас хохирч буй асуудалд салбарын сайдад хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлж байгаа гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Засгийн газар болон Ерөнхий сайд нь парламентын дээр сууж, хууль тогтоох үйл явцыг "машинддаг" байдлыг зогсоох ёстой. УИХ-ын даргыг намчирхлаас ангид байлгаж, цөөнх болон олонх ижил дуу хоолойтой байх парламентын ардчиллыг хуульчлахын төлөө АН-ын бүлэг ирэх намрын чуулганаар ч тууштай тэмцэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.