Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа

Тус бохир ус цэвэрлэх байгууламж нь паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс үүсэх үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах орон сууц, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж юм.

Үйлдвэрийн бохир усанд агуулагдах органик болон химийн бохирдуулагч бодисуудыг олон шатлалт технологийн шийдлээр цэвэрлэн, цэвэршүүлсэн усыг Монгол Улсын MNS 4943:2015 стандартын шаардлагад нийцүүлэн байгальд нийлүүлэхээр төлөвлөжээ. 

Тус байгууламжийн онцлох технологийн шийдэл нь ахуйн бохир ус, үйлдвэрийн бохир ус болон хром агуулсан бохир усыг тус тусад нь хүлээн авч, гурван бие даасан шугамаар боловсруулан цэвэрлэх системтэй юм. Цэвэрлэгээний технологи нь механик болон химийн урьдчилсан цэвэрлэгээ, зургаан үе шатны шинэ технологийн порцесс бүхий биологийн цэвэрлэгээний системтэй, химийн хэрэгцээт хүчилтөрөгч (COD)-ийг бууруулах озонжуулалтын технологи, хэт ягаан туяагаар ариутгах, халдваргүйжүүлэх систем, мөн аваарын нөөц сантайгаар төлөвлөгдсөн орчин үеийн иж бүрэн шийдэлтэй байна. 

Түүнчлэн лаг усгүйжүүлэх байгууламжтай бөгөөд боловсруулалтын дараах лагийн чийгшил 70–80 хувь байхаар тооцоологдсон нь лагийг цаашид тээвэрлэх, боловсруулах ажиллагааг илүү үр ашигтай болгох аж. 

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бохир ус цэвэрлэх байгууламж нь эхний ээлжид хоногт 6,700 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орох бөгөөд цаашид 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтой. Төлөвлөлтөөр нийт цэвэрлэх бохир усны 63 хувь нь үйлдвэрийн, 37 хувь нь ахуйн бохир ус байхаар тооцоолсон бөгөөд энэ нь паркийн тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн экологийн стандартыг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.