Аавынх нь бие тааруу байгаа нь Лионель Мессигийн амжилтад нөлөөлөх үү
Аргентины хөлбөмбөгийн супер од Лионель Мессигийн аав, түүний төлөөлөгчөөр ажилладаг 68 настай Хорхе Месси биеийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэн, эмчийн хяналтад эмчлүүлж байгааг түүний гэр бүлийнхэн албан ёсоор мэдэгджээ.
Мессигийн хэвлэл мэдээллийн албанаас 2026 оны зургаадугаар сарын 18-ны пүрэв гарагт гаргасан мэдэгдэл нь Хорхе Мессиг таалал төгссөн гэх худал цуурхал цахим орчинд тархсаны дараа гарсан байна. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үр дүнтэй байгаа бөгөөд Буэнос-Айрес хотын эмнэлэгт хяналтад байгаа ажээ.
Мессигийн гэр бүлийнхэн Хорхе Мессигийн өвчний онош, нарийн ширийн зүйлийг нууцлахаар шийдсэн бөгөөд олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүссэн байна. Тэд гаргасан мэдэгдэлдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүсийн гаргаж буй ёс зүйгүй, хүндэтгэлгүй байдлыг шүүмжилжээ. Гэр бүлийн зүгээс хүний эрүүл мэнд, ойр дотны хүмүүсийнх нь сэтгэл санааны тайван байдал нь хариуцлагагүй цуурхал, ашиг хонжоо хайсан мэдээллийн бай болох ёсгүйг онцлоод, зөвхөн гэр бүлийн гишүүд л үнэн зөв мэдээлэлтэй байгааг анхааруулсан байна.
Ар гэрийн хүндхэн нөхцөл байдлын улбаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тодорхой болсон юм.
Зургаадугаар сарын 16-ны мягмар гарагт Канзас Сити цэнгэлдэх хүрээлэнд Аргентины шигшээ баг Алжирын эсрэг тоглож, 3:0-ээр хожиход Лионель Месси хет-трик хийсэн билээ. Тэрээр эхний гоолоо оруулсныхаа дараа өмсгөлөөрөө нулимсаа арчиж, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байгаа нь камерт үлдсэн бөгөөд энэ нь хөгжөөн дэмжигчид болон хэвлэлийнхний анхаарлыг ихээр татсан юм.
Тоглолтын дараа Лионель Месси сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа сэтгэл хөдлөлийнхөө шалтгааныг хөлбөмбөгтэй холбоогүй, гэр бүлд нь хүнд өдрүүд тохиож байгаатай холбон тайлбарласан байна. Тэрээр хүнд хэцүү үед нь дэмжлэг үзүүлсэн багийн хамт олон, дасгалжуулагчид болон шигшээ багийн төлөөлөгчдөд талархлаа илэрхийлжээ. Хэдийгээр гэр бүлд нь хүнд нөхцөл байдал үүссэн ч Месси дэлхийн аваргын цомоо хамгаалах аяллаа үргэлжлүүлж, Даллас хотод Австрийн шигшээ багийн эсрэг хийх дараагийн тоглолтод оролцохоор багтайгаа үлдэхээр болсон байна.
Хорхе Месси нь хүүгийнхээ хөлбөмбөгийн замналд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн эрхэм юм.
Тэрээр 1958 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн бөгөөд Лионель Мессигийн агент, бизнесийн менежерээр олон жил ажиллаж байна. Хорхе 2000-аад оны эхээр хүүгээ Барселона клубийн Ла Масиа академид шалгуулахаар дагуулан очиж байснаас гадна Барселона, Парис Сен-Жермен, Интер Майами клубудтэй хийсэн түүхэн гэрээ хэлэлцээрүүдийг биечлэн удирдаж байжээ.
Эх сурвалж:
• hola.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.