Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэл нь тэтгэврийн зөрүүг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уржигдар хийсэн мэдэгдэлдээ "Өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн шударга бус тэтгэврийн зөрүүг арилгаж итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгана" зэрэг тэтгэвэртэй холбоотой өөрчлөлт, шинэчлэл хийх олон зүйлийн талаар ярьсан.
Иргэдэд өгөх тэтгэврийг өөр хүмүүсийн НДШ төлсөн мөнгөөр өгдөг. Манай улсад энэ харьцаа алдагдаж, тэтгэвэр өгөх мөнгө нь хүрэхээ больсон. Энэ нь тэтгэврийн тогтолцоо улсаа нураахад бэлэн болсныг илтгэж байгаа юм. Үүнээс гарах гарц нь тэтгэвэр авагчдаасаа илүү олон хүн ажил хийж НДШ төлдөг байх явдал юм.
Ерөнхий сайдын яриад байгаа тэтгэврийн өөрчлөлт, шинэчлэлт нь яаж бий болох вэ гэвэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг хийх. Товчхондоо, уг хуулийн шинэчлэлээр хэлэх гээд байгаа зүйл нь их ажиллавал, их тэтгэвэр авна.
2020 онд хийсэн судалгаагаар ажил хийж байгаа гурван залуу хүн нийлээд нэг хүний тэтгэврийг “даадаг” байж. Одоо энэ тоо хоёр болж буурсан. 2050 онд энэ харьцаа 1:1 болно.
Хуулийн шинэчлэлд:
-Цалингаас шимтгэл төлсөн 16 дахь жилээс хойших жил бүрд нь өгдөг нэмэгдэл 1.5 хувь байсныг хоёр хувь болгоно
-35 жил ажилласан бол тэтгэврийг цалингийн 67 хувиар боддог байсныг 72.5 хувиар боддог болно
-Иргэн тэтгэвэрт гарах нас нь болсон ч ажилласаар байвал тэтгэвэр нь жил бүр дөрвөн хувиар нэмэгдэнэ
-Эмэгтэй хүн 55 биш 58 насандаа тэтгэвэрт гарвал авах тэтгэврийн хэмжээ нь 12 хувиар нэмэгдэнэ
-Харин тэтгэвэрт гарах наснаасаа эрт тэтгэвэрт гарвал ажиллаагүй жил бүрийнх нь тоогоор дөрвөн хувь хасаж бодох журмуудыг тусгаж өгчээ.
Ингэснээр хууль батлагдвал нийгмийн даатгал төлөгч болон тэтгэвэр авах иргэдийн харьцаа нэг түвшинд ирж, тэтгэврийн хэмжээ шударга бодогдож манай улсын тэтгэврийн тогтолцоо нурахаас сэргийлж чадах юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд энэ мэт олон зүйл заалтыг тусгасан ба хамгийн онцлох нь ахмадуудын үргэлж сэтгэл дундуур байдаг "тэтгэврийн зөрүүг" арилгах асуудал багтжээ.
2013 онд тэтгэвэр бодох цалингийн доод хэмжээг 1.4 сая төгрөг байсан. Харин 2018 онд үүнийг 2.4 сая болгосон. Үүнд 141 мянган хүн 1.4 дээр нь үлдэж 30 жил ажилласан, өндөр цалин авч илүү шимтгэл төлж байсан хүн 15 жил ажиллаж, жоохон шимтгэл төлсөн хүнээс бага тэтгэвэр авдаг журам руу шилжжээ. Шинэчлэлээр энэ асуудлыг цэгцэлж бүх иргэдийн тэтгэврийн хэмжээг 2.4 сая болгоно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.