🔴Талийгаач хүү өвчтэй ээжийнхээ эмний мөнгийг олохоор, сургуулиасаа завсардаж ажил хийж байжээ
Ажил зуучлах байгууллагаар дамжуулан барилгын хог цэвэрлэхээр очсон 15 настай хүү барилгын хана нурааж байх үедээ амь эрсэдсэн хэрэг гарсан. Талийгаач хүүгийн эгч болон өмгөөлөгч нар уг асуудлаар мэдээлэл хийж, насанд хүрээгүй хүүхдийг хүнд хөдөлмөрт зуучилсан компани болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй ажил олгогчид хариуцлага тооцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Талийгаач хүүгийн эгч:
-Хэрэг явдал 2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагийн орчимд гарсан. Дүүг маань "Самушил" гэх хөдөлмөр зуучлалын компани барилгын хог хаягдал цэвэрлүүлэх нэрээр ажилд зуучилсан. Гэтэл хүнд даацын хана нураах ажил хийж хана нурж, дүүгийн минь тархиндаа хүнд гэмтэл авч газар дээрээ амиа алдсан.
Талийгаач хүүгийн ээж нь хэвтрийн, ярианы бэрхшээлтэй хүн байдаг. Хүү ээжийнхээ эмийг авахын тулд хоёр жилийн өмнө сургуулиасаа завсардаж ажил хийж эхэлсэн. Гэтэл тухайн "Самушил" ажилд зуучлах газар нь насанд хүрээгүй хүүхдийг ажилд зуучлахдаа төрсний гэрчилгээ болон асран хамгаалагчийн зөвшөөрлийг шаардалгүй, зөвхөн гадаад үзэмж, биеийн өсөлтөөр нь баримжаалан насанд хүрсэн гэж үзэж хүнд хөдөлмөрт явуулсан. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар ч зааварчилгаа өгөөгүй. Зуучлагч болон ажиллуулсан компаниуд хариуцлагыг бие бие рүүгээ чихсэн байдалтай байгаа.
Тухайн газар нь хороололд байрлах "Кимбаб Чонгүг" гэх газар байсан. Тэр газрыг түрээслэн засвар хийж байсан хувь хүн ажиллуулж байсан. Ажилд зуучилсан "Самушил" компанийн зүгээс эмгэнэл илэрхийлсэн. Гэхдээ "Өмнө нь манайд ийм хэрэг 4-5 удаа гарч байсан, байдаг л зүйл, хуулиараа явна" гэсэн. Мөн ажилчдаа манай гэр бүлийнхэнтэй холбогдхыг хориглосон.
Өмгөөлөгч:
-Одоогоор уг хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ч маш удаашралтай, цааргалсан шинжтэй байна гэж хохирогчийн ар гэрийнхэн үзэж байгаа. Монгол Улсын хууль тогтоомжоор 13-15 насны хүүхдээр барилгын хана нураах зэрэг аюултай, хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг хатуу хориглосон байдаг. Хууль зөрчиж, насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бусаар ажиллуулж, амь насыг нь хохироож буй эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг таслан зогсоох, хатуу хариуцлага тооцохыг шаардаж Ерөнхий сайдын зөвлөхөд хандаж байгаа. Мөн салбарын сайдад нь энэ хэргийн талаар шаардлага хүргүүлнэ. Салбарын сайд, яамны баталсан журам байдаг ч үүнийг дагаж мөрдөхгүй байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.