Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулиар бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна

Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулиар бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны эхэнд Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 10.2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтворгүй байдал, хамгаалалт сул, гэрээний хэрэгжилтийн баталгаа хангалтгүй зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдвал бизнес эрхлэгчид хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, өмчийн хэлбэр болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх нөхцөл бүрдэхээс гадна төрийн оролцоог бууруулж, шударга өрсөлдөөнийг дэмжихээр тусгасан байна.

Мөн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцууллаа. Үргэлжлүүлэн орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг танилцуулсан байна. Одоогоор улсын хэмжээнд 144.6 мянган өрх 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан бол нийслэлд инженерийн дэд бүтцэд холбогдоогүй гэр, байшинд амьдарч буй өрхийн тоо 262.8 мянгад хүрчээ.

Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны банк байгуулагдаж, жил бүрийн орон сууцны зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоог бүрдүүлэхээр зорьжээ.

Хуралдаанаар мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцсан байна. Төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг шинэчлэх, чухал ашигт малтмалын үйл ажиллагааг дэмжих, уул уурхайн салбарын өгөөжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн баталгааг сайжруулах зэрэг асуудлыг тусгажээ.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бөгөөд үүний 22.9 хувь нь доройтсон газар нутаг эзэлж байна. Шинэчилсэн найруулгын төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, менежментийг олон улсын жишигт нийцүүлэхийн зэрэгцээ нутгийн иргэдэд уламжлалт мал аж ахуй болон ахуйн зориулалтаар байгалийн нөөцийг зохистой ашиглах боломжийг хадгалахаар тусгажээ.

Харин Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төсөлд ногоон байгууламжийн нэгдсэн цахим бүртгэл бий болгох, санхүүжилтийн олон эх үүсвэртэй тогтолцоог бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.