🔴О.Цогтгэрэл: Хариуцлага алдсан сайддаа хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй

AI хөрвүүлсэн

Ардчилсан намын УИХ дахь бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, дөрвөн үндсэн асуудлаар хуралдаж байр сууриа нэгтгэлээ.

Уул уурхай, ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчны асуудлаар бүлгийн гишүүд мэдээлэл сонслоо. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан тал талын тэнцвэртэй мэдээлэл авчээ. Ардчилсан нам гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг онцгойлон дэмждэг бөгөөд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу өсөн нэмэгдэх роялтийн асуудалд нухацтай хандах ёстой гэж үзсэн байна. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж буй татвар, эрх зүйн орчныг илүү тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатайг онцоллоо.

Мөн хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт намын дотоод үйл ажиллагаа болон цаашид төлөвлөж буй ажлуудын талаар УИХ дахь бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө.

Батлан хамгаалах салбарт сүүлийн 10 жилд удаа дараа гарч буй хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой осол эндэгдлүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлгээс Батлан хамгаалахын сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлээд 14 хонож байгаа ч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирүүлсэнгүй. Засгийн газар хариу өгөөгүйг хариуцлага тооцохгүй нь гэж ойлгож байна. Тиймээс хэрэв Ерөнхий сайд салбартаа хариуцлага алдсан сайддаа арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайдад өөрт нь болон Засгийн газарт бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзэж, намын болон бүлгийн удирдлагууд энэ чиглэлд ажиллахаар шийдвэрлэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын нэр бүхий гишүүд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр Монгол Улсад төрийн оролцоо хэт данхар болж, төсвийн ДНБ-д эзлэх хувь 40 шахам хувьд хүрч, төрийн өмчит компаниудын орлого ДНБ-ий гуравны нэгийг эзэлж байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн эдийн засгийн орон зай хумигдаж, авлига хээл хахууль газар авч байна. Тиймээс иргэдийнхээ эдийн засгийн суурь эрхийг баталгаажуулах, төрийн оролцоог хязгаарлах, өмчөө хамгаалуулах зорилгоор энэхүү хуулийг санаачилсан бөгөөд хууль батлагдсанаар Засгийн газар жил бүр эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр УИХ-д тайлан тавьдаг болох юм.

Түүнчлэн УИХ-ын дарга аль нэг намын дарга бус байх тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг санууллаа. Өнөөгийн Засгийн газар болон эрх баригч намын үйл ажиллагаанд Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газар байгуулагдаад 100 шахам хонож байхад дорвитой хийсэн ажилгүй, цаашид юу хийх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийг удаа дараа тодотгож, томилгоо хийснээс өөрөөр нийгэм, эдийн засагт тулгамдсан чухал асуудлуудыг шийдвэрлэж чадсангүй. УИХ-аар ач холбогдол багатай хуулиуд хэлэлцэж, Эдийн засгийн хөгжлийн яам нь хоёроос гурван сарын л настай төлөвлөлт хийж байгаа нь эрх баригчдын чадавхыг харуулж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.