Дэлхийн цусны донорын өдөр тохионо
Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдрийг сайн дурын, үнэ төлбөргүй цусаа хандивлаж, олон хүний амь насыг авран хамгаалдаг доноруудын үйлсийг алдаршуулах, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
2026 оны Дэлхийн цусны донорын өдрийн уриа нь “Хүнлэг сэтгэлийн нэг дусал. Цусаа бэлэглэж, амь аваръя.” хэмээх агуулгатай бөгөөд цус хандивлах нь зөвхөн эмнэлгийн үйлдэл бус хүнлэг энэрэнгүй, эв нэгдлийг илэрхийлсэн чухал үйлс болохыг онцолж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр нэг удаагийн цусны хандив нь гурван хүртэлх хүний амь насыг аврах боломжтой бөгөөд төрөлт, мэс засал, хавдрын эмчилгээ, осол гэмтлийн үед цус сэлбэх хэрэгцээ тогтмол гардаг байна. Дэлхийн цусны донорын өдрийг анх 2005 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ өдөр нь цусны бүлгийн ABO системийг нээсэн Нобелийн шагналт эрдэмтэн Karl Landsteiner-ийн төрсөн өдөртэй давхцдаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.