Эрчим хүчний хэмнэлттэй, дөрвөн улирлын хүлэмж нэвтрүүлнэ

Эрчим хүчний хэмнэлттэй, дөрвөн улирлын хүлэмж нэвтрүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Арабын нэгдсэн Эмират улс-Чехийн хамтарсан түнш “NWT Holding” компанийн ахлах дэд ерөнхийлөгч Ганеш Говин, гүйцэтгэх захирал Н.Ранганат нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

 “NWT Holding” компани нь Арабын нэгдсэн Эмират улс болон Төв Европт эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий хүлэмжийн төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд Монгол Улсад дэвшилтэт хүлэмжийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тус компанийн санал болгож буй хүлэмжийн шийдлүүд нь байгаль цаг уурын хүнд нөхцөл, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт зориулагдсан. Жилийн турш тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгох урт хугацааны үйл ажиллагааны тогтвортой байдал, ухаалаг хяналт ба удирдлагын системийг бий болгожээ. 

Хүлэмжийн ашиглалтын эрчим хүчний хэрэглээг бууруулж, хэмнэлт гаргах, цаг уурын зохицуулалтын оновчтой удирдлага зэрэг технологиуд нь орон нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, бүс нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн дэд бүтцийг шинэчлэх зэрэг Монгол Улсын стратегийн өргөн хүрээний зорилтуудыг дэмжихэд хувь нэмэр оруулах боломжтой аж.

Мөн тус компани төсөл хэрэгжүүлэх явцад Монголын компаниудтай хамтран ажиллаж, ноу-хау  буюу туршлага, мэдлэг дамжуулах болон орон нутгийн инженер, оператор, техникийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санал тавив.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.