Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Монгол Улсын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд нэгэн чухал шийдвэр гарч, бодит ажил хэрэг болж эхэллээ.
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны таван банктай байгуулжээ.
Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн түүхий эд бэлтгэлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай, хүүгийн хөнгөлөлттэй зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк олгож эхлэнэ.
Ингэснээр:
-Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ малчдаас цаг алдалгүй, тасралтгүй татан авах санхүүгийн чадамжтай болж, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Зээлийн хүүгийн дарамт багассанаар бүтээгдэхүүний өртөг буурна
-Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болох арьс шир, ноосны үнэ цэнэ өсөж, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлэгдэн, малчдын гарт очих бодит орлого нэмэгдэнэ
-"Цагаан алт" гэгддэг малын гаралтай түүхий эдийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох суурь бэхжинэ.
"Малчин – үйлдвэрлэгч – хэрэглэгч" гэсэн өртгийн сүлжээг бүрэн хамарсан "Цагаан алт" хөдөлгөөн нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх гол хөшүүрэг болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.