🔴АН: "Авлигын музей" байгуулан олон нийтэд дэлгэнэ

AI хөрвүүлсэн

Нийслэлийн Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, эрх баригчдын өнгөрсөн 10 жилийн хугацаанд амласан амлалт, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

МАН-ын амласан амар тайван, аюулгүй нийгэм өнөөдөр бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг тэд онцолж, нэг ангид 60-уулаа суралцаж буй сурагчид, хүүхэд алхах явган хүний замгүйгээс үүдэн гарч буй зам тээврийн ослууд, өндөр татвар, инфляцад дарлуулсан иргэдийн амьдралын чанар үүнийг гэрчилж байна гэв.

Мөн сайн засаглал, шударга ёсыг тогтооно гэсэн амлалт хөсөрдөж, Монгол Улс авлигын индексээрээ 20-30 байраар ухарсан үзүүлэлттэй байгааг санууллаа. Шүүх засаглал авлигын сүлжээнд орж, Үндсэн хуулийн цэцээр дамжуулан хууль өөрчилж байгааг, түүнчлэн УИХ-ын чуулган хөгжил дэвшил биш зөвхөн хулгайн хэрүүл хийдэг талбар болсныг шүүмжилсэн юм. 

Энэхүү авлига, хулгайн тогтолцоотой тэмцэх зорилгоор Нийслэлийн Ардчилсан намын 220 гаруй гишүүн, 9 дүүргийн төлөөллөөс бүрдсэн 9 бодлогын зөвлөлийг байгуулжээ. Уг зөвлөлүүд нь зөвхөн шүүмжлэх бус, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бодит гарц гаргалгааг боловсруулж, иргэд сонгогчдод танилцуулах чиглэлээр ажиллах юм. 

Нийслэлийн удирдлагуудын зүгээс татвар төлөгчдийн мөнгийг ямар ч тооцоо судалгаа, төлөвлөлтгүйгээр зөвхөн PR-ийн шинжтэй зүйлсэд зарцуулж байгааг Нийслэлийн АН-ын дэд дарга онцлов. Тухайлбал, 500 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны замын төсөл ямар ч ажлын даалгавар, гүйцэтгэлийн төлөвлөгөөгүйгээр батлагдаж, санхүүжилт нь гарсан асуудлыг ил тод болгохыг шинэ хотын даргаас шаардлаа. 

Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлыг эрх баригчид мөнгө угаах хэрэгсэл болгож хувиргасан гэж сөрөг хүчний зүгээс дүгнэж байна. Дотооддоо нүүрсний асар их нөөцтэй хэрнээ гадаадаас өндөр үнээр түлш худалдан авч, жилд 300 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хариуцлагагүй үйлдэл бөгөөд "Тавантолгой түлш" компанитай холбоотой авлигын хэргүүд үүнийг баталж байна гэлээ. 

Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ, Боловсролын зээлийн сан, 60 тэрбум, ногоон автобус, газрын наймаа зэрэг ард түмний боломжийг хулгайлсан томоохон хэргүүдийг иргэд мартах ёсгүйг сануулж, энэ зун "Авлигын музей" байгуулан олон нийтэд дэлгэхээр төлөвлөснөө зарлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.