Хятадын тагнуулын байгууллага ажлын байрны цахим хуудсуудыг ашиглаж байгааг сэрэмжлүүлэв
АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд улсуудын дотоод аюулгүй байдлыг хангах байгууллагуудаас бүрдсэн "Таван нүд" эвсэл түүхэндээ анх удаа 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хамтарсан сэрэмжлүүлэг гаргалаа.
"Нууцаа хамгаалах нь" нэртэй уг мэдэгдэлд Хятадын цэргийн тагнуулын албад LinkedIn, Indeed, Upwork зэрэг мэргэжлийн сүлжээ болон ажлын байрны цахим хуудсуудыг ашиглан барууны албан тушаалтнуудаас төрийн нууц мэдээлэл хулгайлах түрэмгий стратеги хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэжээ.
Холбоотон орнуудын тагнуулын байгууллагуудын илрүүлснээр, Хятадын тагнуулчид маш нарийн зохион байгуулалттай олон шатлалт арга хэмжээг ашиглаж байна.
Тэд хүний нөөцийн зөвлөх, хувийн судалгааны байгууллагын ажилтны дүр эсгэж, гадаад бодлого, батлан хамгаалахын шинжээч зэрэг хуурамч ажлын байрны зар байршуулдаг. Ажилд орох хүсэлт гаргасан хүмүүстэй цахимаар ярилцлага хийхдээ төрийн нууцад нэвтрэх боломжтой эсэхийг нь тандаж, улмаар туршилтын тайлан бичихийг шаарддаг байна. Үүний дараа Хятадын засгийн газартай холбоотой үйлчлүүлэгчдэд зориулан засгийн газрын бодлого, цэргийн стратеги, бааз байгууламжийн талаарх нийтэд ил болоогүй мэдээллийг өгөхийг шахаж эхэлдэг аж.
Энэхүү хууль бус үйл ажиллагаанд татагдан орсон хүмүүст мэдээллийн нууцлалын зэргээс хамааран хэдэн зуугаас хэдэн мянган ам.долларын урамшуулал олгодог бөгөөд төлбөрийг PayPal, Zelle, Western Union болон крипто валют ашиглан шилжүүлдэг байна. Хятадын тагнуулын гол бай нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ажиллаж байсан, эсвэл одоо ажиллаж буй цэрэг, төрийн албан хаагчид, батлан хамгаалах болон гадаад харилцааны салбарын нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй харьцах эрх бүхий хүмүүс юм.
Түүнчлэн засгийн газрын мэдээлэлд шууд бусаар хандах боломжтой судлаачид, чөлөөт нийтлэлчид, сэтгүүлчид ч өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байгааг анхааруулжээ.
Зөвшөөрөлгүйгээр нууц мэдээлэл задруулсан тохиолдолд үндэсний тагнуулын хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ажлаас халах, нууцтай харьцах эрхийг цуцлах зэрэг хатуу шийтгэлтэйг "Нууцаа хамгаалах нь" товхимолд хатуу сануулсан байна.
Өмнө нь 2025 оны арваннэгдүгээр сард Их Британийн MI5 байгууллага хууль тогтоогчдодоо хандан үүнтэй төстэй сэрэмжлүүлэг хүргүүлж байсан хэдий ч таван улс нэгдэн ийм өргөн цар хүрээтэй мэдэгдэл хийсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал боллоо. Харин Бээжингийн зүгээс эдгээр тагнуулын шинжтэй гүтгэлгийг удаа дараа няцааж, "цэвэр зохиомол, хорлонтой гүтгэлэг" хэмээн мэдэгдсээр байна.
Эх сурвалж:
• inkl.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.