Беларусь улс биотехнологид тулгуурлан хөдөө аж ахуйн өрсөлдөх чавдараа нэмэгдүүлж байна
Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо болж байгаа билээ. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан салбарын аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд “Беларусын Үндэсний биотехнологийн корпораци”-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн туршлага судаллаа.
Беларусь улс хөдөө аж ахуйн уламжлалт үйлдвэрлэлээ биотехнологийн салбартай уялдуулан хөгжүүлж, экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгох чиглэлд сүүлийн жилүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн нэг жишээ нь “Беларусын Үндэсний биотехнологийн корпораци” (БНБК) юм. Тус корпораци нь 2016 онд байгуулагдан, хөдөө аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үндэсний хэмжээний стратегийн төсөл юм.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж, өнөөдөр тэжээлийн зориулалттай амин хүчил, холимог тэжээл болон бусад биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Зүүн Европын томоохон үйлдвэрлэгчдийн нэг болсон байна.
Тус корпораци лизин, треонин, триптофан зэрэг мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг амин хүчил үйлдвэрлэдэг. Жилд 72.3 мянган тонн амин хүчил, 547.2 мянган тонн холимог тэжээл, 96 мянган тонн премикс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд улаан буудайн цавуулаг, цардуул, глюкозын сироп зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Беларусь улс өмнө нь эдгээр бүтээгдэхүүний тодорхой хэсгийг импортоор хангадаг байсан бол биотехнологийн корпораци ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрджээ. Мөн малын тэжээлийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой амин хүчлүүдийг дотооддоо үйлдвэрлэснээр импортын хамаарлыг бууруулах нөхцөл бүрдсэн байна.
Жилээс жилд экспортын зах зээлээ тэлж, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ болон бусад 10 гаруй оронд нийлүүлж байна. Монгол Улсын хувьд мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт технологи, менежментийн туршлагатай танилцсан нь энэхүү айлчлалын онцлох үйл явдлын нэг байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.