🔴С.Амарсайхан: Гамшиг, осол бүрд хэдэн онцгойгийн ажилчдаа буруутгаад байж болохгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Онцгой байдлын салбарын төсөв, хөрөнгө оруулалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:
-Онцгой байдлын салбарт өнгөрсөн 20 гаруй жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Агаараас эрэн хайх, аврах ангитай болж, 3-4 нисдэг тэрэгтэй болсон. Тусгай тоноглол, хэрэгслүүдийг нэмэгдүүлсэн. Мөн алба хаагчдын цалин хөлсийг 117 хувиар нэмэгдүүлсэн. Энэ оны төсөвт тус салбарт нийт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсан.
Цаг уурын өөрчлөлт, гамшиг ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас энэ төсөв хангалтгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд онцгой байдлын алба хаагчид 17 мянган гамшиг ослын дуудлагад ажилласан байна. Цаашид эрсдэлийг бууруулахын тулд 21 аймаг, 360 сум, нийслэлийн есөн дүүрэг, 200 гаруй хороонд яаралтай аврах, гал унтраах нэгж байгуулахад нэмэлтээр таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.
Өнөөдрийн байдлаар онцгой байдлын салбарын гал унтраах, аврах автомашины хангалт 63 хувьтай, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт 48 хувьтай байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, гал унтраах дрон, гүний болон агаараас эрэн хайх хэрэгслийн жагсаалтыг салбарын мэргэжилтнүүд өөрсдөө гаргаж, түүний дагуу худалдан авалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Өндөр барилгын гал унтраах зориулалттай 42 метр хүртэлх урттай шатыг оруулж ирэн ашиглаж байна. Цаашид олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллана.
Шинээр батлагдсан 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар юун түрүүнд орон даяар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амжиж зарлан мэдээлэх системийг нэвтрүүлэнэ. Үлдсэн төсвөөр агаараас эрэн хайх нисдэг тэрэгний чадавхыг нэмэгдүүлэх, ой хээрийн болон объектын гал түймэртэй тэмцэхэд шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжүүдийг онцгой байдлын мэргэжилтнүүдийн эрэмбэлсэн жагсаалтын дагуу худалдан авахаар төлөвлөж байна.
Уул уурхайн орхигдсон нүхэнд бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэгтэй гарсан. Онцгой байдлын алба хаагчид гамшиг осол гарсан үед очиж аврах, хамгаалах үүрэгтэй. Уулын энгэр дэх ухсан нүхийг хайж, хянах боломжгүй. Энэ асуудал нь уул уурхайн хяналт шалгалтын байгууллагууд болон стандартын хэрэгжилттэй шууд холбоотой. Гамшиг ослыг бууруулах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь хүн бүрийн, байгууллага бүрийн оролцоотой хийгдэх ёстой стандарт, хариуцлагын асуудал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.