🔴С.Бямбацогт: ХХОАТ-ыг хавтгайруулж нэг хувь болгох нь буруу
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын сахилга хариуцлага, татварын бодлого болон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоо зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүд байнгын болон дэд хорооны хуралдаанд суудаггүй, ирц бүрддэггүйгээс болж санал хураалт унах, бодлого шийдвэр гацахад хүрдэг. Төрийн болон хувийн хэвшлийн жирийн албан хаагчдын адил ажлаа тасалсан, хоцорсон гишүүдэд хариуцлага тооцдог байх зохицуулалтыг хуульд тусгаж байгаа. Чуулганы танхимд ирцэд орсон ч санал хураалтад оролцдоггүй асуудлыг цэгцэлж, дэмжсэн эсвэл дэмжээгүйгээ биеэрээ илэрхийлж заавал санал өгдөг байх, санал хураалтад оролцоогүй тохиолдолд хариуцлага тооцдог байх өөрчлөлтийг хаврын чуулганд багтаан батлахаар төлөвлөж байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлтийн тухайд шаталсан татварын тогтолцоог дэмжиж байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцтай байгаа энэ үед бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах нь зүйтэй. Харин өндөр орлоготой иргэдийн татварыг бууруулахгүйгээр хэвээр үлдээж, орлогоосоо хамаарч татвар төлдөг байх нь нийгмийн шударга ёсонд нийцнэ. Засгийн газраас өргөн барьсан бага орлоготой иргэдийн татварыг тэглэх төсөл болон зарим гишүүний санаачилсан нэг хувийн татварын төслийг нэгтгэн, шаталсан татварын тогтолцоог бий болгох чиглэлээр хууль санаачлагчид ойлголцолд хүрсэн.
Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүдийн томилгооны асуудал нь цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болсон. Одоогоор хоёр гишүүний орон тоо гарсан. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй санал солилцож, зөвшилцөж байгаа. Ойрын үед шийдвэрлэнэ.
Парламентын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэж байна, парламентын засаглалыг унагаах гэж байна гэх мэдээлэл худлаа. Сонгодог парламентыг бэхжүүлэх байр суурьтаа хатуу зогсож байгаа. Арга барилын хувьд гишүүдийн дунд ойлголцлын зөрүү байсныг ярилцаж шийдвэрлэсэн. Одоогоор ажлын хэсэг судалгааны шатанд ажиллаж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг олон үе шаттай явагддаг учраас энэ хугацаанд олон улсын туршлагад үндэслэсэн, парламентад итгэх олон нийтийн итгэлийг сэргээх тодорхой шийдлүүдийг ажлын хэсгээс гаргаж, хэлэлцүүлгийн явцад тусгаад явна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.