🔴Хүүхдүүд никотины донтолтын шинэ давлагаанд өртөж байна

AI хөрвүүлсэн

Дэлхийн тамхигүй өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нд тохиодог. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Номинчимэг нарын өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгээс Монгол Улс дахь тамхины хэрэглээ, эрүүл мэндийн нөлөөлөл болон хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 

-Монгол Улсад тамхины хэрэглээ нь нийгмийн эрүүл мэндийн томоохон эрсдэл болсон хэвээр байна. Судалгаагаар нийт хорт хавдрын өвчлөлийн 70 хувь нь тамхидалттай холбоотойгоор үүсдэг. Никотин нь судсыг хүчтэй агшаадаг тул зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт, цус харвалт, жирэмсэн үеийн ургийн эмгэг үүсгэх гол шалтгаан болдог. Дэлхий дахинд тамхины хор уршгаар жилд найман сая гаруй хүн амь насаа алдаж байна.

Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний дунд тамхи, тэр дундаа электрон тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн. Статистик мэдээллээс үзэхэд, 2019 онд 13-15 насны хүүхдүүдийн 14 хувь нь янжуур, 3.5-10.8 хувь нь электрон тамхи хэрэглэж байна. 2023 онд 13-17 насныхны 19.9 хувь нь янжуур хэрэглэдэг болж, электрон тамхины хэрэглээ хоёр дахин өсөж 24.8 хувьд хүрсэн. Энэ нь таван хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн үг.

Өсвөр үеийнхнийг электрон тамхинд татаж буй гол хүчин зүйл нь түүний үнэр, амт, өнгө үзэмжтэй сав баглаа боодол, мөн цахим сүлжээ болон нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан хийж буй далд маркетинг юм. Өсвөр насандаа тамхи татах нь никотинд донтох, насан туршдаа тамхичин болох магадлалыг эрс нэмэгдүүлдэг. Шинэ хуулийн төсөлд хүүхэд, залуусыг тамхинаас сэргийлэх бодлогыг онцгойлон тусгасан. 

Монгол Улсын зах зээлд 2024 онд 3.5 тэрбум ширхэг буюу 175 сая хайрцаг янжуур, 8.2 сая ширхэг электрон тамхи импортоор орж ирсэн. Утаат тамхины импорт 2023 онд 3.7 тэрбум байсан. 2024 онд 3.5 тэрбум болж буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч эсрэгээрээ электрон тамхины импорт тасралтгүй өссөн. Тамхины гол импортыг Казахстан, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсаас хийдэг.

Тамхины татварын орлогын хувьд 2020 онд янжуур тамхинаас 204 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. 2024 онд 257.8 тэрбум төгрөг болж өссөн. Электрон тамхины татвар 2020 онд 510 сая төгрөг байсан. 2024 онд 11.8 тэрбум төгрөгт хүрсэн. Монгол Улс дэлхийд хамгийн хямд тамхитай орнуудын тоонд ордог. Бусад улс оронд нэг хайрцаг тамхи АНУ-д 10.25 ам.доллар, БНСУ-д 4.8, Японд 4.2, БНХАУ-д 3.2, ОХУ-д 2.1 ам.доллар байдаг бол Монголд ердөө 1.65 ам.доллар.

Их Британи улс залуу үеэ тамхинаас ангид байлгах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол Австрали улс тамхийг ямар ч маркетингийн зураг, логогүй цагаан хайрцагтайгаар худалдаалах шаардлага тавьж эхэлсэн. Монгол Улсын хувьд ч Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар никотины бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, татвар болон зах зээлийн оновчтой бодлого хэрэгжүүлэх томоохон шинэчлэл хийхээр зорьж байна.

Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд тамхины эсрэг олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд иргэд, олон нийтийг тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.