"Ядуурлыг бууруулах ба хөгжил" сэдэвт дээд хэмжээний форумд Монгол Улсын төлөөлөл оролцлоо

"Ядуурлыг бууруулах ба хөгжил" сэдэвт дээд хэмжээний форумд Монгол Улсын төлөөлөл оролцлоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо 2026 оны тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дэлхийн дээд хэмжээний форумд оролцлоо.

НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд болсон тус форумд 40 гаруй улсын Шадар сайд, сайд, дэд сайдын түвшний төлөөлөгчид, олон улсын болон төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 250 гаруй хүн оролцов.

35f9c92876554d32b95a1fa82ed2a5a0

“Ядуурлыг бууруулахын төлөө дэлхийн хамтын хүчин чармайлтыг нэгтгэе” уриан дор зохион байгуулагдсан форумын үеэр ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуй болон орон нутгийн сэргэлтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.

Форумын нэгдсэн хуралдаанд сайд Т.Аубакир үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт болон тулгамдаж буй сорилтын талаар танилцуулж, оролцогч талуудтай санал, туршлага солилцлоо.

Мөн тэрбээр “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дэлхийн санаачлагыг олон улсын түвшинд хэрэгжүүлэх Хорооны анхдугаар хуралдаанд үүсгэн байгуулагч гишүүн улсын төлөөлөгчийн хувиар оролцож, бүс нутгийн хэмжээнд ядуурлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг даван туулах, шинэ сорилтуудын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Форумын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн оролцоонд тулгуурласан ядуурлыг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, Пэнгү болон Шаньяан дүүрэгт ажилласан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.