ОХУ түлшний экспортод шинэ хориг тавихаар бэлтгэж байна

ОХУ түлшний экспортод шинэ хориг тавихаар бэлтгэж байна

ОХУ-ын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гарсан цуврал халдлага, үйлдвэрлэлийн доголдлын улмаас түлшний экспортод тавих хоригийг өргөжүүлэхээр хэлэлцэж байна.

Бензиний экспортод гуравдугаар сарын сүүлээс хориг тавьсан бол одоо дизель түлш болон керосины экспортыг ч хязгаарлах асуудлыг авч үзэж байгаа талаар Интерфакс агентлаг эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.

 

Мягмар гарагт Шадар сайд Александр Новак шатахууны зах зээлийн нөхцөл байдлаар газрын тосны компаниудын төлөөлөлтэй уулзаж, экспортын хэмжээг “хязгаарлах” зөвлөмж өгсөн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, дизель түлш болон керосины экспортод хориг тавих шийдвэрийг бэлтгэж байгаа ч хэрэгжих хугацааг одоогоор тогтоогоогүй байна.

 

Ройтерс агентлагийн тооцоолсноор, тавдугаар сарын хоёрдугаар хагаст нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас өдөрт 238 мянган тонн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд ажиллагаагүй болжээ. Энэ нь ОХУ-ын нийт боловсруулах хүчин чадлын ойролцоогоор 25 хувийг эзэлж байна.

 

Кириши, Москва, Нижний Новгород, Рязань, Ярославль зэрэг төвийн бүсийн томоохон үйлдвэрүүдэд доголдол гарснаар бензин, дизель түлшний үйлдвэрлэл эрс буурчээ. Эдгээр үйлдвэрүүд нийлээд улсын бензиний 30 гаруй хувь, дизель түлшний 25 орчим хувийг үйлдвэрлэдэг байв.

 

Тавдугаар сард нийт зургаан үйлдвэр үйлдвэрлэлээ бүрэн болон хэсэгчлэн зогсоосон бөгөөд үүнд Лукойлын “Нижегороднефтеоргсинтез”, Сургутнефтегазын “Киришинефтеоргсинтез” зэрэг ОХУ-ын хамгийн том үйлдвэрүүд багтаж байна.

 

Bloomberg агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалт 2009 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч, өдөрт 4.69 сая баррель болсон байна. Энэ нь өнгөрсөн намрын түлшний хямралын үеийн түвшнээс ч доогуур үзүүлэлт аж.

 

Үйлдвэрлэлийн уналтын улмаас зарим бүс нутагт шатахууны хомсдол үүсч, шатахуун түгээх станцууд хязгаарлалт тогтоон ажиллаж эхэлсэн бол биржийн бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

 

Түлшний хямралтай холбоотойгоор ОХУ-ын Эрчим хүчний яам Роснефть, Газпром нефть, Лукойл, Сургутнефтегаз зэрэг 11 компанитай тусгай гэрээ байгуулж, дотоодын зах зээлд нийлүүлэх түлшний хэмжээ, экспорт болон биржийн борлуулалтад хатуу хяналт тавьж эхэлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.