Мал эмнэлгийн салбарын асуудлыг цогцоор шийдэхээр зорьж байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олонтой уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцлаа.
Уулзалтын үеэр “Нэг сум – Нэг мал эмнэлэг” төслийн хэрэгжилт удааширсан, мал эмнэлгийн цахим бүртгэлийн системийн доголдол, хүний нөөцийн хомсдол, цалин хангамж болон томилолтын зардал олгогдохгүй байгаа зэрэг хүндрэлүүдийг мэргэжилтнүүд онцолжээ.
Мөн сумдад хүнсний хяналтын лаборатори, байцаагчийн эрх, санхүүжилт дутагдалтай байгаа нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүсгэж байгааг анхааруулсан байна.
Сайд Ц.Идэрбат мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй шууд холбоотой чухал салбар гэдгийг онцолж, тулгамдсан асуудлуудыг зөвхөн хэсэгчлэн бус, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг мэдэгдлээ.
Тэрбээр хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, вакцины чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.