🔴Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдана

AI хөрвүүлсэн

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмцээнийг угтан зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, тэмцээний бэлтгэл ажил болон онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн 28 орны 246 тамирчин оюун ухаанаа сорихоор хүрэлцэн ирнэ. Тэмцээнд дэлхийн 34 Их мастер, 51 Олон улсын мастер, хоёр Эмэгтэй их мастер, 20 Эмэгтэй олон улсын мастер оролцох бөгөөд БНХАУ-ын дэлхийн дөрвөн удаагийн аварга, эмэгтэй шатарчдын чансааг тэргүүлэгч Хоу Ифань зэрэг шилдгүүд багтжээ.

Тэмцээний техникийн зөвлөгөөн маргааш 10:00 цагт Баянгол зочид буудалд эхлэх бол албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 14:00 цагт болно. Тэмцээн зургаадугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Боловсролын яам, Соёлын яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнээс түрүүлж, эрх авсан тамирчид Дэлхийн цомд оролцох эрхтэй болдгоороо онцлогтой бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шатрын холбоо (FIDE) болон Азийн шатрын холбооноос томилогдсон Иран улсын иргэн, олон улсын шүүгч Мехрдад Пахлеванзадех ажиллаж байна.

Тэмцээний хүрээнд Боловсролын яамнаас шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлэх туршилтыг эхлүүлжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг сонгон, сүүлийн нэг сарын хугацаанд бага ангийн сурагчдад долоо хоногт нэг цагаар шатрын хичээл орж эхэлсэн байна. Энэхүү туршилт амжилттай болбол ирэх хичээлийн жилээс улсын хэмжээнд шатрын спортыг дэмждэг бүх сургуулийн хөтөлбөрт нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Боловсролын яамны төлөөлөл онцоллоо.

Мөн зургаадугаар сарын 4-ний өдөр Төрийн ордны Чингис хаан танхимд "Шатрыг бүх нийтийн боловсролд" сэдэвт үндэсний хэлэлцүүлэг, олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Уг хуралд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстаны шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов зэрэг олон улсын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцох юм.

Түүнчлэн мөн өдөр Сүхбаатарын талбайд "Нэг Монгол - Нэг нүүдэл", "Нэг нүүдэл оюуны цар, Нэг хүүхэд Монголын ирээдүй" уриан дор 1000 хүүхдийн шатрын өрөг тоглолт зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог нь дижитал технологийн дэвшлийг бүрэн нэвтрүүлж, цахим ухаалаг хөлөг ашиглаж байгаа явдал юм. Ингэснээр тэмцээнийг Lichess.org платформ болон Монголын цахим сүлжээний сувгуудаар дэлхий даяар шууд дамжуулан хүргэх бөгөөд 100 гаруй мянган үзэгч шууд хүлээн авч үзэх боломж бүрджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.