"Улаанбаатар метро" төслийн мэргэжилтэн бэлтгэх 2+2 хөтөлбөр үргэлжилж байна

"Улаанбаатар метро" төслийн мэргэжилтэн бэлтгэх 2+2 хөтөлбөр үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон Халла их сургууль хооронд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, мэргэжилтэнг бэлтгэх чиглэлээр “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Хөтөлбөр нь метроны ашиглалт, засвар үйлчилгээ, инженер техникийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой бөгөөд ШУТИС-д оюутнууд суралцаж байна. Тус хөтөлбөр нь оюутнуудыг эхний хоёр жилд ШУТИС-д, дараагийн хоёр жилд БНСУ-д суралцуулах юм. 

Энэ хүрээнд “Метро систем” хичээлийн нэг семестрийн сургалтын үр дүнг танилцуулах арга хэмжээг 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, оюутнууд багийн хэлбэрээр судалгаа, тооцоолол, системийн шийдэлд тулгуурласан төслүүдээ танилцууллаа.


Оюутнуудыг зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлахгүйгээр бодит метро төслийг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлэх талаар бие даан сэтгэж, асуудалд шийдэл боловсруулах арга барилд чиглүүлэн ажиллаж байна. 

Энэхүү үйл ажиллагаа нь ирээдүйн метро болон хотын нийтийн тээврийн салбарт ажиллах чадварлаг инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэх бодит сургалтын нэг хэсэг болж байгаагаараа онцлогтой юм. Мөн БНСУ-ын хамгийн анхны хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай Халла их сургуулийг хамтын ажиллагааны түнш байгууллагаар сонгосон нь энэхүү хөтөлбөрийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.