“Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтан асан Ж.Ганзориг нарт ял шийтгэлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, мэргэжилтэн М.Жамбал, Н.Гантулга, Н.Ганболд нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
НПГ-аас дээрх хүмүүст эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, 22.4-ийн хахууль авсан, 22.10-1-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш хэлэлцэлгүй нэлээд удсаны эцэст өнгөрсөн долоо хоногт гэм буруутай гэж дүгнэн эрүүгийн хариуцлага ногдуулжээ.
Ж.Ганзоригийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа Н.Гантулгатай бүлэглэн нэгэн компанийг тендерт шалгаруулахын тулд тухайн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан БНХАУ-ын иргэнээс 2018-2019 онд 205 сая төгрөг бэлнээр, 2016-2019 оны хооронд бусдын дансаар дамжуулан 96.4 саяыг хахуульд авсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 онд алхан бутлуур худалдан авах тендер зарлахад Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Ганболдод албан тушаалаа ашиглан нөлөөлж танил талынхаа “Икс вай зэт” гэх компанийг шалгаруулж, байгууллагадаа 257.6 сая төгрөгийн хохирол учруулсан. Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Жамбалтай бүлэглэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгасан хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний нэг литрийн үнийг 90 750 төгрөг болгон өсгөн тендер зарлаж, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулж, давуу байдал бий болгосон. Хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 500 000 ам.доллароор нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан билээ.
Шүүхээс Ж.Ганзоригийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан гэм буруутайд тооцож, ялыг нь нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг найман жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох, гурван жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оноосон байна. Түүний гэмт хэрэг үйлдэж олсон 277 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Н.Гантулгын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял, Н.Ганболдын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасан, 10 саяар торгох ял оноожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.