БЗС-гийн Д.Гардийг шалгаж дуусжээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүнд холбогдох хэргийг анх 2022 оны наймдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд гадаадаас зарим шаардлагатай нотлох баримт гаргуулах ёстойгоос шалтгаалан удааширч, дөрвөн жил орчмын дараа ийнхүү прокурорын хяналтад шилжүүлж буй нь энэ.
Д.Гарди 2022 оны дөрвөөс зургаадугаар сард өөртөө багагүй хэмжээний урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж, мөнгийг авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд “Магистр, докторын хөтөлбөр”-т БЗС-гийн зээлээр суралцаад, 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр хэрэг нээн шалгаж эхэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гардийн тушаалаар нэр бүхий зээлдэгчдэд 87.7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796.6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж, өөртөө давуу байдал бий болгосон нь тодорхой болсон аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.