Эхнэрээ 50 мянган рупигээр найзууддаа худалдсан этгээдийг баривчлав
Энэтхэг улсын Паланпур хотод нэгэн эрэгтэй өөрийн эхнэрийг зургаан найздаа худалдсан болох нь мөрдөн шалгалтаар нотлогджээ.
Уг этгээд эхнэрээ 50,000 энэтхэг рупи буюу ойролцоогоор 1.8 сая төгрөгөөр үнэлэн бэлгийн мөлжлөгт оруулсан бөгөөд орон нутгийн цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдийг бүгдийг нь саатуулан шалгаж эхэлжээ.
Хохирогч эмэгтэйг худалдсаны дараа нөхөр болон түүний зургаан найз бүлэглэн удаа дараа хүчирхийлжээ. Гэмт этгээдүүд үүгээр зогсохгүй эмэгтэйн зүүж байсан үнэт эдлэлийг хүчээр тайлан авч, орон нутгийн зах дээрх дархчуудад зарж нэмэлт ашиг олсон болохыг мөрдлөгийн явцад тогтоожээ.
Уг жигшүүрт хэрэг анх 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр илрэх эхлэл тавигдсан байна.
Гэмт хэргийг зохион байгуулсан нөхөр Паланпур хотын цагдаагийн хэлтэст өөрөө очиж, "эхнэр нь алга болсон" хэмээн хуурамч мэдээлэл өгчээ. Гэвч хэд хоногийн дараа тэрээр өөрөө сураггүй алга болсон бөгөөд түүний эцэг хүүгээ хайж Паланпур-Зүүн цагдаагийн хэлтэст хандсанаар хууль сахиулагчдын анхаарлыг татсан байна.
Хүмүүс дараалан сураггүй алга болсон дээрх сэжигтэй нөхцөл байдал нь цагдаа нарыг нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүргэсэн юм. Мөрдлөгийн үр дүнд нөхрийн зохиосон худал түүх илчлэгдэж, хохирогч эмэгтэй болон түүний нөхрийг олж тогтоосон байна. Улмаар хэрэгт холбогдсон нийт долоон сэжигтнийг баривчилж, хүчирхийлэл болон хүн худалдаалсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, гол сэжигтэн болох нөхөр нь өмнө нь охид, эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, хулгайлан хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан ноцтой түүхтэй, давтан гэмт хэрэгтэн болох нь батлагдсан байна.
Эх сурвалж:
• dzen.ru
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.