Д.Батлут: Цэргийн ангийн ариун цэврийн өрөөнд чанга яригч болон тусламж дуудах улаан товчлуур байрлуулна
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид өнгөрсөн тавдугаар сарын 19-ний өдөр хоёр байлдагч маргалдаж, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү асуудалтай холбогдуулан хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг хариуцлага хүлээж албан тушаалаа өгөхийг шаардаад байгаа юм.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний жанжин штаб, анги салбар болон төрийн тусгай албан хаагчдын буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хэн ч байсан хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээх болно.
Сүүлийн арван жилийн хугацаанд 46 цэрэг амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэхүү тоон үзүүлэлт нь Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг зэрэг бүх хүчний байгууллагын хэмжээнд гарсан статистик. Зөвхөн Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги салбаруудад өнгөрсөн арван жилд хугацаат цэргийн долоон алба хаагч амь насаа алдсан эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдсэн. Гэсэн хэдий ч хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдах нь байж боломгүй зүйл.
Цэргийн ангиудад дүрмийн бус харилцаа гаргасан, түүнийг нуун дарагдуулсан аливаа албан тушаалтны цолыг бууруулах, зэвсэгт хүчнээс шууд халах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Мөн хяналтыг цахимжуулж, зөвхөн ангийн удирдлага бус Зэвсэгт хүчний жанжин штабаас 24 цагийн турш хяналт тавих тогтолцоог нэвтрүүлнэ.
Камерын хяналт хүрэх боломжгүй ариун цэврийн өрөө зэрэг цэгүүдэд чанга яригч болон тусламж дуудах улаан товчлуур байрлуулна. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд болон Жанжин штабын даргын гэнэтийн хяналт шалгалтыг тогтмолжуулж, хүний эрхийн байгууллага, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан хөндлөнгийн хяналтыг бий болгох зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд цэрэг татлагыг жилд нэг удаа зохион байгуулдаг болсноор цэргүүдийн дунд оны ялгаа гарч, дүрмийн бус харилцаа үүсэх нөхцөлийг таслан зогсоосон. Мөн хөдөлгөөнт сэтгэл зүйчдийн баг ажиллуулж, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 78 сургагч багш бэлтгэн анги байгууллагуудад ажиллуулж эхэлсэн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.