🔴Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улирч, дахин зургаан жил ажиллах боломжийг ҮХЦ олголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох тухай хуулийн заалтыг хүчингүй болголоо.
Хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, мэдээлэл гаргагч иргэн Г.Нацагдорж болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцсон байна.
Маргааны гол үндэслэл нь УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэж заасантай холбоотой юм. Энэхүү "зөвхөн нэг удаа" гэсэн хязгаарлалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хяналтын журмаар хянан хэлэлцжээ.
Үндсэн хуулийн цэц өмнө нь 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээрээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд байсан яг ижил агуулгатай буюу "нэг удаа" томилно гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож байсан түүхтэй. Тухайн үед УИХ уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуулиас тус үгийг хасаж байсан бөгөөд ингэснээр Цэцийн шийдвэр эцсийнх болж баталгаажсан байна.
Гэтэл УИХ 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Цэцийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх зарчмыг алдагдуулсан гэж Их суудлын хуралдаанаас дүгнэлээ. Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг дэх хууль дээдлэх зарчим болон 64, 66, 67, 70 дугаар зүйлүүдэд заасан Цэцийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлэхтэй холбоотой заалтуудыг зөрчсөн байна.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргасан Цэцийн тогтоолоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт заасан "зөвхөн нэг удаа" гэсэн үгийг албан ёсоор хүчингүй болголоо. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.