🔴ЭТТ: Нас барсан иргэний хувьцаа, ногдол ашгийг зургаадугаар сард багтаан олгоно

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Засгийн газрын 154 дүгээр тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх үйл ажиллагаа 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхлэх гэж байна.

Өнөөдрийн байдлаар тус компанийн нийт хувьцааны 73.5 хувийг төр, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх иргэнд хувьцаа эзэмшүүлээд байгаа юм.

Урьдчилсан тооцоогоор нийт 135 мянга гаруй нас барсан иргэний хувьцаа болон Төрийн сангийн дансанд хадгалагдаж буй 66 тэрбум орчим төгрөгийн ногдол ашгийг өвлүүлэх харилцаа үүсэх юм. 

Иргэд хамгийн түрүүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 158989 тусгай дугаарт мессеж илгээж, нас барсан иргэний регистрийн дугаараар 1072 хувьцааны үлдэгдэл болон ногдол ашгийн мэдээллийг шалгах боломжтой. Үүний дараа төв байранд биеэр очих шаардлагагүй бөгөөд өөрт ойр байрлах дурын нотариатчид хандана. Нотариатч өв залгамжлах эрхийн гэрчилгээг үйлдэж, цахим системд байршуулснаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү мэдээлэл шууд очих юм. Ингэснээр хувьцаа болон ногдол ашиг нь хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд автоматаар бүртгэгдэж, "E-Mongolia" системээр дамжуулан мэдэгдэл очно. Үнэт цаасны дансанд орсон мөнгийг иргэн өөрийн хүсэлтээр брокерийн компаниараа дамжуулан арилжааны банкны данс руугаа шилжүүлэн авах боломжтой.

Өвлөх эрхийн гэрчилгээг авахын тулд иргэд гурван байгууллагаас бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд, нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, хөрөнгийн лавлагаа зэргийг нотариатч өөрийн цахим системээс шууд татаж авах боломжтой. Харин Улсын бүртгэлийн байгууллагаас төрөл садангийн лавлагаа болон 1988 оноос өмнөх төрсний бүртгэлийн лавлагааг шаардлагатай тохиолдолд авна. Мөн харьяа баг, хорооны Засаг даргаас нас барсан иргэний оршин сууж байсан хаягийн тодорхойлолт болон өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг баталгаажуулж авах шаардлагатай. Хэрэв өрхийн бүртгэлийн дэвтэр олдохгүй тохиолдолд Засаг дарга тухайн иргэнийг тус хаягт амьдарч байсныг нотолсон тодорхойлолт гаргаж өгөх зохицуулалттай.

Иргэний хуульд зааснаар нас барсан иргэнтэй хамт амьдарч байсан өвлөгч гурван сарын дотор татгалзах хүсэлт гаргаагүй бол өвийг хүлээн авсанд тооцдог. Харин хамт амьдраагүй бусад өвлөгч нэг жилийн дотор хүлээн авах хүсэлтээ гаргаагүй бол татгалзсанд тооцдог хуулийн зохицуулалттай. Гадаад улсад оршин суугаа иргэдийн хувьд 50 гаруй улсад байрлах Дипломат төлөөлөгчийн газар болон консулын газарт хандах, эсвэл нотариатын цахим системийг ашиглан онлайнаар хүсэлтээ гаргах боломжтой. Олон хүүхэдтэй, эсвэл олон өвлөгчтэй тохиолдолд хуулийн дагуу тэнцүү хэмжээгээр хуваарилах бөгөөд өвлөгчид хоорондоо харилцан тохиролцож өв хуваах гэрээ байгуулах эрхтэй.

Зарим иргэдийн хувьцааны тоо 1072-оос бага байх тохиолдол гарч болзошгүй. Энэ нь өнгөрсөн хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа төрд худалдах, эсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлд суутгуулах зэргээр мөнгөн хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотой бөгөөд үлдсэн хувьцааны тоо хэмжээгээр ногдол ашиг бодогдож шилжих юм. Энэхүү үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэх зорилгоор тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, холбогдох байгууллагууд мэдээлэл өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.