Шөнийн цагаар ухаалаг утас хэтрүүлэн хэрэглэх зуршил нь нойр хулжаадаг
Өсвөр насныхны шөнийн цагаар ухаалаг утас хэтрүүлэн хэрэглэж, сөрөг мэдээлэл тасралтгүй унших буюу "doomscrolling" хийх зуршил нь тэдний нойр болон мэдрэлийн системд ноцтой аюул учруулж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Энэхүү зуршил нь хүүхдүүдийг сургуультай өдрүүдэд ч оройтож унтахад хүргэж, өсөлт хөгжилтийн хамгийн чухал үед шаардлагатай гүн нойрыг хугасалж байна.
Ухаалаг утаснаас ялгарах цахилгаан гэрэл нь хүний тархийг өдрийн цаг хэмээн эндүүрэхэд хүргэдэг байна. Үүний улмаас нойрны даавар болох мелатонины ялгаралт дарангуйлагдаж, гүн нойронд автах үйл явц удааширдаг. Түүнчлэн алгоритмд суурилсан, сөрөг агуулгатай мэдээллийн урсгал нь "техно-стресс" үүсгэж, тархины "тэмцэх, эсвэл зугтах" хариу урвалыг өдөөснөөр унтахын өмнө тайвшрах боломжийг олгодоггүй ажээ.
Айдас түгшүүр төрүүлсэн дижитал контентыг албадлагаар шахам гүйлгэж үзэх нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжиж буй мэдрэлийн системд гүнзгий нөлөөлдөг. Стресс ихээр төрүүлэх мэдээлэлд байнга өртөх нь тархины айдсын төв болох амигдалыг хэт идэвхжүүлж, анхаарал төвлөрөлт болон төлөвлөлт хариуцсан урд талын бор гадаргыг илүү их ачааллуулснаар оюун санааны ядаргаанд оруулдаг байна. Мөн, зүрхний цохилт, хоол боловсруулах үйл явц, сэтгэл хөдлөлийг зохицуулдаг вагус мэдрэл хэт ачаалалд орсноор хоолны дуршил буурах, эрч хүч сулрах, сэтгэл түгших, бусдаас хоцрох айдас буюу FOMO зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг улам хурцатгадаг.
Австралийн судлаачдын 3000 гаруй гэр бүлийг хамруулан хийсэн 2026 оны тавдугаар сарын судалгаагаар ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ бага насны хүүхдүүдэд ч хүчтэй нөлөөлж байгааг тогтоожээ.
Уг судалгаагаар дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цаг нэг цагаар нэмэгдэх тутамд хүүхдийн унтах цаг бараг 30 минутаар хойшилдог болохыг баталсан байна. Энэ нь хүүхдүүдийг "нийгмийн цагийн зөрүү" буюу бие махбодын цагийн хэмнэл алдагдах байдалд оруулж, дараа өдөр нь зан үйлийн асуудал гаргах, идэвх хөдөлгөөн буурах, хооллолтын буруу зуршилтай болох зэрэг шууд сөрөг үр дагавруудыг дагуулдаг.
Эдгээр эрсдэлээс сэргийлэхийн тулд залуучууд шөнийн цагийн хэв маягаа яаралтай өөрчлөх шаардлагатайг эрүүл мэндийн шинжээчид зөвлөж байна.
Тархийг тайвшруулж, шөнийн цагаар мэдээлэл унших алгоритмын гогцооноос гарахын тулд унтахаас 30-60 минутын өмнө ухаалаг утас болон бусад дэлгэцийн хэрэглээг бүрэн зогсоох тогтмол цагийн хуваарьтай болох нь хамгийн үр дүнтэй шийдэл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.