Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ олны өмнө гарч ирэв
БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ 2017 онд албан тушаалаасаа огцорсноос хойш есөн жилийн дараа анх удаа улс төрийн сонгуулийн сурталчилгаанд биечлэн оролцож эхэлжээ.
Тэрбээр ирэх зургаадугаар сарын 3-нд болох орон нутгийн сонгуулийг угтаж, Ардын хүч намын нэр дэвшигчдийг дэмжих зорилгоор консерватив үзэлтнүүдийн гол түшиц газар болох Тэгү хотоос кампанит ажлаа эрчимжүүлээд байна.
Түүний улс төрд эргэн ирсэн эхний томоохон алхам нь Тэгү хотын алдартай Чилсон захад хийсэн уулзалт байв.
Пак Гын Хэ тус хотын захирагчид нэр дэвшигч Чү Гён Ху болон УИХ-ын гишүүн Ю Ён Ха нарын хамт хагас цаг орчим худалдаачидтай уулзсан юм. Энэ үеэрээ Шадар сайд бөгөөд Эдийн засаг, сангийн сайдаар ажиллаж байсан Чү Гён Хугийн туршлагыг онцолж, "Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг сайн мэддэг хүний хувьд оновчтой бодлого боловсруулж чадна гэдэгт итгэж байна" хэмээн ард иргэдийг түүнд саналаа өгөхийг уриалжээ.
Экс ерөнхийлөгчийн энэ алхам нь Тэгү хотын захирагчийн сонгуулийн өрсөлдөөн туйлын ширүүн байгаатай шууд холбоотой.
KBS телевизийн явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Ким Бү Гём 40 хувийн саналтайгаар тэргүүлж байгаа бол Ардын хүч намын Чү Гён Ху 39 хувиар шил даран нэхэж байна. Статистикийн алдааны хязгаарт багтаж буй эгзэгтэй үед Пак Гын Хэ өөрийн нөлөөг ашиглан уламжлалт консерватив сонгогчдын саналыг нэгтгэх стратегийн чухал нүүдэл хийж байгааг улс төр судлаачид онцолж байна.
Тэгү хотоос эхэлсэн түүний дэмжлэг Чүнчон бүс нутаг руу тэллээ. Тэрээр тавдугаар сарын 25-ны өглөө Хойд Чүнчон мужийн Окчон хот дахь ээж Юк Ён Сүгийнхээ төрсөн гэрт зочилж, мужийн захирагчид нэр дэвшигч Ким Ён Хуантай уулзсан байна. Мөн өдрийн үдээс хойш Тэжон хотын захирагчид нэр дэвшигч И Жан Үгийн сонгуулийн штабт очихоор төлөвлөжээ. И Жан Ү нь 2016 онд түүнийг огцруулахын эсрэг зогсож байсан үнэнч дэмжигчдийнх нь нэг юм.
Цаашид Пак Гын Хэгийн сонгуулийн сурталчилгааны аялал үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 28-нд Канвон мужийн захирагчид нэр дэвшигч Ким Жин Тэг дэмжихээр Вонжүгийн төв захад очих товтой байна. Түүнчлэн Пусан, Үлсан хотуудад зочлох магадлалтай байгаа юм. Улс төрд үнэнч үлдсэн хүмүүс болон эдийн засгийн мэдлэгтэй нэр дэвшигчдийг түлхүү дэмжиж буй түүний үйлдэл нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн итгэлийг сэргээх, Ардын хүч намын байр суурийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээр байна хэмээн бичиж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.