Шизофрени өвчний талаарх буруу ойлголтыг халах аян эхэллээ
Олон улсын хэмжээнд шизофрени өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг бууруулах зорилготой танин мэдэхүйн долоо хоног өнөөдөр эхэлж байна.
Энэ аян нь тавдугаар сарын 18-24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Дэлхийн шизофрени өвчнийг таниулах өдөр” ням гарагт тохионо. Аяны хүрээнд өвчтөнүүд болон тэдний гэр бүлд тулгардаг нийгмийн дарамт, гадуурхлыг багасгах, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээхэд анхаарчээ.
Энэ удаагийн аяны гол уриа нь “Гарчигнаас цааш” бөгөөд шизофрени өвчтэй хүмүүсийг зөвхөн оношоор нь бус, тэдний ард буй амьдрал, гэр бүл, нийгмийн оролцоотой нь ойлгож харахыг уриалж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн хэлснээр хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд түгээмэл байдаг сөрөг ойлголт нь өвчтөнүүд улам тусгаарлагдах шалтгаан болдог байна. Дэлхий дахинд ойролцоогоор 21-26 сая хүн шизофрени эмгэгтэй амьдарч байгаа нь нийт хүн амын 0.7-1 хувийг эзэлдэг аж.
Өвчний үед хий юм харах, сонсох, дэмийрэх, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөд орох, нийгмийн харилцаанаас хөндийрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөрт ихээхэн нөлөөлдөг байна. Эмч нарын мэдээлснээр шизофрени нь ихэвчлэн 18-30 насны залуу үед илэрдэг тул эрт оношилж, эмчилгээ болон сэтгэл заслын тусламжийг цаг алдалгүй эхлүүлэх нь хамгийн чухал аж.
Гэвч өнөөдөр өвчтэй хүмүүсийн тал хүрэхгүй хувь нь шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авч чаддаг байна. Үүний улмаас шизофрени өвчтэй хүмүүсийн дундаж наслалт эрүүл хүмүүсээс 10-20 жилээр богино байх эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Танин мэдэхүйн долоо хоногийн хүрээнд олон нийтэд өвчний талаарх үнэн зөв мэдээлэл түгээхээс гадна өвчтөнүүдийг гадуурхахгүй байх, доромжилсон үг хэллэг, хошигнолоос татгалзахыг уриалж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай иргэдэд ойлголцол, дэмжлэг үзүүлэх нь тэдний амьдралын чанарыг сайжруулах чухал алхам болохыг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.